Ажлын өдрийг шилжүүлснээр шинэ жилээр дөрөв хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-14 19:56:35

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томуу, томуу төст өвчний дэгдэлт, цаг агаарын байдлыг харгалзан шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор Нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүллээ.

Ингэснээр ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүйн зэрэгцээ иргэд шинэ жилээр /12 дугаар сарын 29, 30, 31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1/ нийт дөрөв хоног амрах юм.

Жолооч нарт шийтгэлийг давхардуулан ногдуулж байгааг зогсооно

Засгийн газрын хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулинд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулсан ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулан ногдуулж байгаа хэрэг хэмээн Засгийн газар үзэж хуулинд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн цагдаагийн байгууллага Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулахаар заасан боловч баривчлах шийтгэлийг хэн оногдуулах нь тодорхой бус байгаа юм. Үүнээс болж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал шийдвэрлэх боломжгүй байна. 

Тодорхой зохицуулж өгөөгүй учир улсын хэмжээнд 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 1295-д нь ямар нэг хариуцлага ногдуулаагүй гэсэн судалгаа гарчээ.

Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

Халх голд хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгоно

“Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс”-ийн талаар авах зарим арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Бүсийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, эрчимжсэн ХАА-н бүс хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Мөн “Халх гол бүтээн байгуулалтын бүс”-д хууль зөрчиж газар олгосон шийдвэрүүдийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгохыг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд үүрэг болголоо. 

Товч мэдээ

- Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн зориулалтыг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийн салбарын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр өөрчлөх талаар БНЭУ-ын талтай тохиролцон Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгалаа.

- УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзэн үндэслэлээ хууль санаачлагчид уламжлахаар боллоо.

- Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг хамтран баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

- Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшаав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хэрэгжиж байгаа зээл, тусламжийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахыг сайд нарт үүрэг болгов. Хөгжлийн албан ёсны тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, зохицуулах, Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгав.

- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдлийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. 

相关新闻