Элэгний вирусын эсрэг Ледифос эмийг худалдаалж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭлэгний С вирусын эсрэг эмчилгээний өндөр идэвхтэй эмийг Дундговь аймгийн “МНЧ” ХХК хөдөө орон нутгийн хүн амд хүргэдэг болж байна. Өчигдрөөс тус компанийн эмийн сан Ледифос эмийг худалдаалж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам 2015 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, элэгний вируст хепатитаас сэргийлэх, эмчлэн эдгээхэд чиглэсэн олон талт арга хэмжээг авч эхэлсэн. Энэ хүрээнд элэгний В,С вирусын эсрэг эмчилгээний өндөр идэвхтэй эмүүдийг Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэн оруулж ирж, хүн амд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаагийн нэг нь “Ази фарма” ХХК- ийн Ледифос эм юм байна. Ледифос нь БНХАУ-ын “China Sinopharm International Corporation” групп, Энэтхэг улсын “Hetero Drugs Limited” эмийн үйлдвэртэй хамтран АНУ-ын Гилеад Сайнс компанийн албан ёсны патенттайгаар үйлдвэрлэдэг эм бөгөөд үүнийг дундаж болон дунджаас доогуур орлоготой хүн амд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр тус компани зорьж, хөдөө орон нутгийн хүн амд хүргэхийн тулд Дундговь аймагт “МНЧ” ХХК- ийг сонгосон нь энэ ажээ.
Ледифос эм нэг сарын хугацаанд уух нь 380 мянган төгрөгийн үнэтэй. Он гарангуут эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож эхэлнэ гэж “МНЧ” эмийн сангийн захирал Наранцэцэг хэлсэн юм.
Урьд нь “Омбол” ХХК Дундговь аймаг дахь Монос эмийн сангийн салбарыг сонгон АНУ- ын Гилеад Сайнс компанийн үйлдвэрлэсэн Харвони болон Ледивери эмийг тус аймгийн хүн амд хүргэдэг болсон бол дахин шинэ эм ийнхүү хүн амын гар дээр очих болж байна.
Элэгний вирусын эсрэг эмийг иргэд эмчийн зааврын дагуу авч уудаг. Эмийн үр дүн хэр байгааг Халдвартын их эмч Д. Энхцэцэгээс тодруулахад, өнөөдрийн байдлаар С вирусын эсрэг эмийг 19 иргэн 12 долоо хоногийн хугацаанд ууж, вирус тэглэсэн үр дүнтэй байгааг хэллээ. Мөн В вирусын эмийг 30 гаруй иргэн ууж байгаа гэсэн юм.
Т. Отгонтуяа