Каирт гарсан халдлагыг "Лалын улс" үйлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /Anadolu/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Египетийн нийслэл Каир хотын сүмд 25 хүний аминд хүрсэн дэлбэрэлтийн хариуцлагыг “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл хүлээлээ.
“Лалын улс”-ын мэдэгдэлд дурдсанаар, тус бүлэглэлийн гишүүдийн нэг нь христийн сүмд амиа золиослон дэлбэрэлт үйлджээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисигийн хэлснээр, амиа золиослогч нь 22 настай Шафик Махмуд Мохамед Мостафа гэгч байжээ. Энэ халдлага “египетчүүдийг бүгдийг нь сэрдхийлгэсэн” гэж Сиси хэлсэн юм.
Дэлбэрэлтэнд өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн тус улс даяар гурван хоногийн гашуудал зарласан билээ.
Египетэд шашны цөөнх болдог христийн шашинтнуудын эсрэг халдлага үйлдэх тохиолдол нэг бус удаа гарч байсан юм.
“Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмждэг байсан Ерөнхийлөгч Мухамед Мурсиг 2013 онд цэргийн эргэлтээр түлхэн унагааж, лалынхныг дарах ажиллагааг явуулж эхэлснээс хойш Египетэд халдлага үйлдэх нь эрс нэмэгдсэн билээ.
Г.Доржханд