Хилээр өвс гаргахыг хориглосон ч гарсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-14 09:02:52

Засгийн газраас Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаас бэлтгэсэн өвсийг хил давуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Сүхбаатар, Дорнод аймгийн нутагт экспортод гаргахаар 200 мянган тонн өвс бэлтгэжээ. Үүнээс 120 мянган тонныг нь боомт дээр татсан мэдээлэл байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй тул хадлан, тэжээл хүрэлцэхгүй гэсэн гомдол, хүсэлтийг малчид тавьсан. Аж ахуйн нэгжүүд улсын хадлангийн нөөцийн 20 хувьтай тэнцэхүйц өвсийг Хятад руу гаргахаар бэлтгэсэн байна.

Тиймээс Улсын онцгой комисс болон МХЕГ зэрэг холбогдох байгууллагад танилцуулж, өвс экспортлохыг зогсоосон” хэмээн мэдээлж байв. Тэгвэл хадлан бэлтгэсэн хятадууд өвс гаргах боломж хайж, Бичигт боомт дээр хүлээсээр байна. Тус боомтын дэргэд маш их хэмжээний өвс хурааж, бэлтгүүлсэн хятадууд байгаа тухай эх сурвалж бидэнд мэдээлж байна.

Энэ талаар Дорнод аймгийн Матад сумын иргэнээс тодруулахад “Хятадууд бэлтгэсэн өвсөө урагш гаргаад байгаа. Малчид эсэргүүцээд нэмэргүй ээ, тэд сумын удирдлагуудаас зөвшөөрөл авч гэрээ байгуулан өөрсдөө бэлтгэж байгаа болохоор өөрсдийнх нь мэдэх асуудал байх. Өвсөө гаргасаар л байгаа шүү дээ, хяналт тавьдаг ч газар байхгүй дээ” гэв. Мөн нутгийн зарим иргэн “Төр нэгэнт хилээр өвс гаргахгүй гэсэн шийдвэр гаргачихсан юм чинь энэ намар бэлтгэсэн хадланг нь улсдаа худалдаж аваад, мөнгийг нь хадланчдад олгочихож болдоггүй юм байх даа” хэмээн ярьж байна.

Б.Туяа

相关新闻