Дундговь аймагт гэмт хэрэг буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Цагдаагийн газрын статистик мэдээгээр тус аймагт гэмт хэрэг буурсан байна. 2016 оны 1- 11 дүгээр сар дуустал аймгийн нутаг дэвсгэрт нийт 199 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 16 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Гэмт хэргийн илрүүлэлт урьд оны энэ үеийнхээс 39 хувиар өссөн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнх буюу 42 хувийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэг эзэлж байгаа бол хулгайн гэмт хэрэг 25 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.5 хувийг тус тус эзэлсэн байна.
Энэ онд дээрэм, ашиглал, хүчингийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүнгээр 67 байгаа бол Дэлгэрцогт, Луус, Дэрэн, Хулд, Гурвансайхан, Баянжаргалан сум болон аймгийн төвд 83- 112 болж, гэмт хэргийн гаралт ихтэй сумдад тооцогдож байна.
Гэмт хэргийн улмаас иргэдэд 635 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүний 66 хувийг нөхөн төлүүлжээ.
Т. Отгонтуяа