Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-13 20:06:22

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тогтоолын төслийн талаархи танилцуулгадаа, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага болон нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн төслийг боловсруулсан.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр, хуулийн төслийн хэсгийг хууль санаачлагчаар нь буюу Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан боловсруулах хуулийн төсөл гэж ангилж, Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг сайд нарын эрхлэх асуудлын хүрээгээр нь тус тус ангилан тусгасан гэдгийг дурдав.

Үндсэн чиглэлийн төсөлд нийтдээ 260 хуулийн төсөл тусгагдсаныг хууль санаачлагчаар нь авч үзвэл, Засгийн газар-239, Улсын Их Хурлын гишүүд-17, Монгол Улсын Ерөнхийлөгч-4 хуулийн төсөл тус тус санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хувьд Засгийн газар-12, Улсын Их Хурлын гишүүд-3, Монгол Улсын Ерөнхийлөгч-1 тогтоолын төсөл тус тус санаачлахаар тусгагдсан. Харин тогтоолын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлын чиглэлээр 12 хууль тогтоомж тусгагдсанаас 6 нь анхдагч хуулийн төсөл, бусад нь хууль нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд байгаа гэлээ.

Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжсэн юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа нар тогтоолын төслийн хавсралтад “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төсөл” гэж тус тус нэмэх, хавсралтын 1 дүгээр зүйлийн “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” гэснийг “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻