Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байнгын хорооны гишүүдэд хуулийн төслийн талаар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн 51 зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан, хэлэлцэж зөрчсөн байна гэж үзжээ.
Уг дүгнэлттэй холбогдуулан УИХ-аас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүугчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно" гэсний "... нэг удаа ..." гэсэн заалтын үйлчлэлийг энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. УИХ дээрх дүгнэлтийг энэ сарын 09-ний баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэн, цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрсөн юм. Иймд УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах үүрэг хүлээдэг зохицуулалтын дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлага үүссэн болохыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Хуралдаанд оролцож буй гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсэнгүй. Ийнхүү Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувийн саналаар дэмжив.