Монгол багш төрөлх нутагтаа номын айлчлал хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн хамба лам, Энэтхэгийн Гоман дацангийн багш, Лхаарамба цол хамгаалж байгаа Д. Жавзандорж өөрийн төрөлх нутагтаа номын айлчлал хийж байна. Тэрээр 12 дугаар сарын 11 буюу өчигдөр морилон саатсан юм. Түүнийг аймаг болон сумдын хийдүүдийн 80 гаруй лам угтан авчээ.
Д. Жавзандорж багшийг шавь нар хийгээд нутгийнх нь сүсэгтэн олон Монгол багш хэмээн хүндэтгэн дууддаг. Түүний тухайд Энэтхэг улсын Гоман дацанд 20 гаруй жил бурханы номд суралцаж байгаа, өөрөө сурахын хажуугаар Гоман дацангийн 2000 гаруй лам хуварга болон дөрвөн хувилгаанд ном заадаг. 2012 оноос Лхаарамбын зэрэг цол хамгаалах шалгалтад явж эхэлсэн ба 2017 онд цолоо хамгаалж дуусна. Жилдээ нэг удаа төрөлх Сүхбаатар нутагтаа ирж, хийдийн лам хуваргууд, сургууль цэцэрлэгийн багш ажилчид, албан байгууллагуудын урилгаар ном айлдвараа айлддаг уламжлалтай.
Дуламрагчаагийн Жавзандорж нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн. Төвийн 1-р 10 жилийн сургуульд суралцаж байгаад 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан суусан ба 1993 онд Улаанбаатар хотод шилжин ирж Зүүн хүрээ Дашчойлин хийдэд мөн шавилан суужээ.
Дээрх хийдүүдэд шавилж байх явцдаа бурханы номонд сайтар суралцаж хийдийн голч, унзад зэрэг албыг хашжээ. 1998 онд өмнөд Энэтхэг дэх Буддын гүн ухааны Гоман дацаны их сургуульд элсэн орж жил бүрийн шалгалтдаа 1 ,2 байрыг эзэлсээр амжилттай дүүргэсэн. Гоман дацанд суралцах явцдаа 2002 оноос эхлэн олон лам хуваргуудад ном зааж эрдэмтэй номтой лам нарыг олноор бэлдэн гаргасаар байна. Мөн олон аймаг, сумдын лам, хуварга сүсэгтэн олны урилгаар морилж айлдвар сургаалиа хайрлаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод шавь нар нь Бурханы шашны "СУМАДИ ГИРДИ" төвийг байгуулан айлдвар сургаалыг нь түгээн дэлгэрүүлж байна.
Монгол багшийн энэ удаагийн айлчлал нь энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Т. Одончимэг