Л.Эрхэмбаяр: АН-ын шинэчлэл 2-3 жилийн туршид үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-12-12 15:15:16

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодруулав.

-АН Их хурлаараа шинэчлэл эхлүүлнэ гэсэн ч үр дүн тааруухан байсан, шинэчлэл зогссон гэх мэтээр шүүмжлэл гарч эхэллээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Шинэчлэл дөнгөж эхэлж байна. Их хурлаа хийгээд л улс төрийн нам шинэчлэгдэхгүй, 2-3 жилийн туршид үргэлжилнэ. Тэр байтугай монгол хүн бүрийн сэтгэлгээнд өөрчлөлт орж, хөдөлмөрийг шүтдэг, өөрсдөө ажлаа явуулдаг, улстөрөөс хараат бусаар ажиллаж болно гэдгийг мэдэрдэг болсон цагт л энэ бүх шинэчлэл жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

Мөн ёс суртахууны хувьд, ёс зүй хувьд, эрдэм мэдлэгийн хувьд, туршлагын хувьд Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс олноор бий болж байж цааш явна. Шинэчлэл бол шат дараатай явах ажил.

-Намын шинэ даргад гаднаас орж ирсэн хүмүүс өрсөлдөх боломжтой байхаар дүрэмд өөрчлөлт оруулсан гэсэн асуудал бас байна?

-АН-д сүүлийн таван жилд гишүүн байсан хүн даргад өрсөлдөх эрх эдэлнэ. Сонгуулийн хорооноос өчигдөр гаргасан журмаар ингэж тогтсон. Намын даргад нэр дэвшигч нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн шалгуур хангасан байх ёстой.

-Та АН-ын даргад олон хүн өрсөлдөх нь сурталчилгаа хийхэд хүндрэл учруулна гэж байсан. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?

-Нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж эхэлж байгаа учраас 12 дугаар сарын 17-ны 16.00 цагийн байдлаар хэдэн хүн нэр дэвших нь тодорхой болно. Нэр дэвшигчид дангаараа ухуулга, сурталчилгаа хийхгүй. Сонгуулийн хорооноос нэгдсэн журмаар хамтад нь авч явж, орон даяар сурталчилгааг нь зохион байгуулна. Мөн халз мэтгэлцээнийг орон даяар нэгэн зэрэг хийхээр төлөвлөж байна.

-Л.Гүндалай АН-д элсэх өргөдлөө өгсөн. Харин та өргөдлийг нь хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн. Ямар үндэслэлээр бүртгэх боломжгүй юм бэ?

-Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намын дарга. Намын даргыг чөлөөлөх асуудал Их хурлаар шийдэгддэг. Өөрөө хүсэлтээ л гаргасан болохоос биш намын даргаа өгөөгүй байгаа. Манай нам өөр намын гишүүнийг хүлээж авдаг заалт байхгүй. Дээр нь Хөвсгөлийн Ардчилсан нам болоод бусад газраас “Л.Гүндалай АН-д элсэх ёс зүй байхгүй” гэдэг асуудлыг тавьж байгаа.

-Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэж дүрэмдээ заасан уу?

-Шинээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, тэр хүн Ерөнхий сайд л болох ёстой.

-Намын даргад өрсөлдөөд унасан бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох уу?

-Дүрмээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй.

-АН 2-3 дэд даргатай байхаар дүрэмдээ заасан гэж үнэн үү? Их хурлаараа дүрмийн шинэчлэлээ бүрэн хийж чадаагүй нь ямар шалтгаантай юм бэ?

-Намын дүрмийн шинэчлэлийг нийт гишүүдээсээ санал авсны үндсэн дээр хийх нь зөв юм гэж үзсэн. Нам 2-3 дэд даргатай байх дүрмийн төсөл явж байгаа. Мөн л нийт гишүүдээрээ хэлэлцүүлж санал авч шийднэ. Дараагийн Их хурал 2017 оны хоёрдугаар сард болно.

-Засгийн газраа унагасан гишүүдэд хариуцлага тооцох асуудалд танай намын гишүүд ямар байр суурьтай байсан бэ?

-Намын шинэчлэлийн нэг томоохон бүлэг асуудал нь хариуцлагын асуудал. Нийтээрээ шийдвэрээ гаргачихсан тохиолдолд хариуцлагыг тавина. Жишээлбэл, Оюутолгойн асуудалд манай нам ийм байр суурь баримтална гээд шийдвэрлэчихсэн. Эсвэл энэ Засгийн газрыг огцруулна, огцруулахгүй гээд ҮЗХ-ны хуралдаанаар санал нэгдсэн байхад түүнийг биелүүлээгүй гишүүнд хариуцлага тооцдог ийм тогтолцоо руу орох юм.

Засгийн газрыг огцруулсан гишүүдэд хариуцлага тооцох асуудалд манай намын гишүүд хоёр өөр байр суурьтай байна. Энэ нь одоогийн тогтолцооноос болж байгаа. Хүнээсээ биш. Тухайлбал, ҮЗХ-ны хуралдаанаар Засгийн газрын талаар шийдвэр гаргаагүй учраас өөрийнхөө үнэлгээгээр хандсан. Тийм учраас УИХ-ын гишүүний өөрийнх нь эрхийн асуудал байсан. ҮЗХ-ноос шийдвэр гаргасан түүнийг дагаагүй бол хариуцлагын асуудал ярьж болох юм гэдэг.

Н.Туяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻