Хүүхдэд баярын бэлэг авахдаа бүтээгдэхүүний чанарт анхаарахыг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-12 13:08:28

Шинэ жилийн баяр дөхөж байгаа үед хүүхэд багачуудад зориулан бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулахыг Мэргэжлийн хяналтын газраас эцэг эхчүүдэд сануулж байна. Мөн бялуу, өндөг, жимс, загас гэх мэт амархан мууддаг эмзэг бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гадаад шинж байдал, амт, үнэр, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалалтын горимыг шалгаж, худалдан авалт хийхийг зөвлөж байна.

Тус байгууллага “Эрүүл хүүхэд- эрүүл хүнс” аяныг эхлүүлсэн бөгөөд энэ сарыг дуустал үргэлжлүүлнэ. Олон нийтийг хамарсан баяртай зэрэгцэн хоол хүнсээр дамжих халдвар, хордлого гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх нь аяны зорилго ажээ.

МХГ- ын улсын байцаагч Н. Болормаагаас аяны талаар тодруулахад, Аймгийн төвд худалдаа, хоол зоогийн үйлчилгээ явуулдаг бүх аж ахуйн нэгжид хяналт хийж эхэлсэн. Хүүхдийн бэлэг, байгууллага хамт олны шинэ жилийн хүлээн авалтын хоол зоог, импортын архи согтууруулах ундаанд энэ удаагийн хяналтыг чиглүүлж байна гэлээ. Хадгалалтын хугацаа дууссан, эсвэл дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлэгт боож худалдах явдал өнгөрсөн жилүүдэд гарч байсан тул хүүхдийн бэлэгт ийнхүү онцгойлон анхаарч байгааг хэлсэн юм. Тиймээс эцэг эхчүүдийг ч мөн хүүхдийн бэлэгт боосон бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дор бүрнээ шалгахыг ийнхүү зөвлөж байна.

Аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгож авах, хадгалалтын хугацааг хэрхэн таних, ямар хүнс эрсдэлтэй болох талаар ЕБС- ын сурагчдад,  бүтээгдэхүүний хаяг шошгыг хэрхэн таньж анзаардаг байх талаар эцэг эхчүүдэд сургалт хийнэ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻