Дорнод аймгийн нийт нутаг цагаан зудын байдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн 14 сумын 12 нь өвөлжилт хүнд гэсэн үнэлгээг Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс хийж, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгт хандахаар болжээ.
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн үзэж байгаагаар цасны зузаан 12-20 см хүрсэн тохиолдолд цагаан зуд гэж нэрлэдэг юм байна. Өвөлжилт хүнд сумдад саяхан Улсын онцгой комисс, аймгийн удирдлагууд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн хувьд заавар зөвлөгөө өгчээ.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат:
-Дорнод аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 96 хувийн биелэлттэй хангагдсан. Тус аймгийн хэмжээнд 2,1 сая мал өвөлжинө. Энэ жил аймгийн нийт нутгаар ургамлын гарц муу, бороо хур их орсонтой холбоотойгоор хадлан тэжээл бэлтгэх ажил зарим суманд дутагдалтай байна. Сум бүр 100 тонн өвс тэжээл бэлтгэхээс байгалийн хүчин зүйлээс шалтгаалж өвс хадлангаа хангалттай бэлтгэж чадаагүй сумд ч байгаа гэв.
Отор нүүдлийн хувьд зарим сумын малчид нэг отор болж өвлийг хамтын хүчээр давахаар болжээ. Аймгийн зүгээс 300 тонн өвс бэлтгэж нөөцлөөд байна.
Б.Туяа