Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-09 13:24:25

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай хэлэлцэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаан зарлав. 

Тус байнгын хороо өнөөдөр хуралдах тов гаргаагүй ч үдээс өмнө хуралдах шийд гарсан аж. Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудалд Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр Д.Даваасамбуу, Л.Дондог, Б.Цэрэнбалтав, Б.Лхагважав, М.Энх-Амгалан, Г.Хэрлэн, Л.Ариунаа нарын долоон хүний нэрийг дэвшүүлэхээр оруулж иржээ.

Монголбанкны хяналтын зөвлөлийн ажиллах журмыг УИХ-ын 2003 оны 39 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан бөгөөд энэ хүрээнд хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих, хөндлөнгийн аудитын үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимд нийцэж байгаа эсэхийг хянах талаар тусгажээ. Мөн Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих, хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Монголбанкнаас хийж буй ажилтай танилцаж, биелэлтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан журамд тусгасан байна.

Гэвч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд Монголбанк 11 их наяд төгрөг хэвлэж, зах зээлд гаргасан. Үүнээс өнөөгийн эдийн засгийн хямрал үүсээд байгаа. Монголбанк мөнгө хэвлэж байхад Хяналтын зөвлөл нь юу хийж байсан юм бэ? Хянах үүргээ биелүүлээгүй байж зарим нэг гишүүд улиран сонгогдох гээд ороод ирсэн байна. Хяналтын зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийг сайн судлах шаардлагатай” гээд хэлэлцэх асуудлыг хойшлуулах хүсэлтийг Байнгын хороонд тавив. Уг зарчмын зөрүүтэй саналыг санал хураалгаж олонх нь дэмжсэнээр Эдийн засгийн байнгын хорооны хурал Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэхээ түр хойшлуулж, өндөрлөв.

Н.Туяа

 

相关新闻