Зүрх судасны үндэсний төв байгуулах төслөөр 119 ортой эмнэлэг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд, УИХ-тай зөвшилцөхөөр тогтов.
УИХ-ын холбогдох байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг зээлийн
хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарна. Зүрх
судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд манай улсын иргэдийн нас баралтын
тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас
баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байгаа юм.
Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх
оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын III төв
эмнэлэг үзүүлж буй. Тус эмнэлэгт өнгөрсөн онд зүрхний нээлттэй мэс засалд 425
хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын
зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр байгаа аж.
“Зүрх судасны үндэсний төв” төслийн хүрээнд нийт 119 ортой
эмнэлэг барихаар төлөвлөжээ. Тус төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн
банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээлийн хөрөнгө болон Люксембургийн Их Гүнт
Улсаас олгох 22.5 сая евро /25.13 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжаар
хэрэгжүүлнэ.