УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан төслийн зарим зүйл, хэсэг дэх үг хэллэгийг өөрчлөх, хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд байнгын хороогоор дэмжигдсэн саналын томьёоллуудаар санал хураалт явуулан төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
Б.Туул