С.Бямбацогт: Оффшортой холбоотой бие даасан хуулийг УИХ-д өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төслийг өмнө нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд "Засгийн газарт буцаах нь зүйтэй" хэмээн үзсэн. Байнгын хорооны түвшинд оффшор бүс гэдэг ухагдахууныг нарийвчлан тодорхойлох, оффшор дансгүй байх албан тушаалтны жагсаалтыг гаргах, хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг мөн оффшор дансгүй байхаар хуульчилж өгөх нь зүйтэй гэсэн асуудлыг хөндөж байсан. Чуулганы хуралдааны үеэр мөн эл асуудлыг гишүүдийн зүгээс гаргаж тавьж байв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшорын асуудлыг нэмэлт өөрчлөлтөөр зохицуулах нь учир дутагдалтай, бие даасан хууль боловсруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Өнөөдөр 90-ээд оноос хойшхи хугацаанд манай улсад 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсний дийлэх нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Бид бизнесийн салбарыг хуулиар хөндөхгүй. Албан тушаалтны жагсаалтыг гаргах бололцоотой. Гэр бүлийн гишүүдэд давхар хариуцлага тооцож болно. Гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр тухайн албан тушаалтан оффшорт хөрөнгөө нуусан бол одоогийн Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох бололцоотой. Үүний зэрэгцээ оффшорын тодорхойлолтын тухай асуудал байна. Дэлхийн нийтэд өнөөдөр оффшор бүсийг тодорхойлсон нийтлэг тодорхойлолт байхгүй байхад манай улс тодорхойлох нь зохимжгүй. Тиймээс гадаад улсад данстай байхыг хориглосон заалт оруулсан" гэсэн тайлбарыг хийж байв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оффорын асуудлаар Т.Аюурсайхан гишүүнтэй адил буюу бие даасан хууль гаргах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэлсэн. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оффшорын хуулийг Засгийн газар дутуу боловсруулж оруулж ирсэн гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, "Хуулийн төслийг олон улсын туршлага судалж боловсруулсан. Гэхдээ гишүүдэд дутмаг ойлгуулсан байж болзошгүй. Хуулийн төслийг сайжруулаад явах нь эрх нь гишүүдэд бий. Мөн бие даасан хуулийн төслийг оруулж ирье. Энэ хуулийг хэлэлцээд явахгүй бол оффшорчдыг дэмжлээ гэсэн ойлголт нийгэмд өгч болзошгүй" гэсэн байр сууриа илэрхийллээ.
Ингээд хуулийн төслийг буцаах эсэх талаар санал хураалт "Хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй" гэж олонх үзэв.
Б.Туул