Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн дэмжлээ.
УИХ энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан ч үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Тухайлбал, Дээд боловсролын тухай хуулийн 11.2-т “Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэвээр мөрдөж байгаа боловч нэмэлт өөрчлөлтөөр тус Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлтэй холбогдсон харилцааг Дээд боловсролын тухай хуулиар зохицуулна” гэсэн заалтыг нэмж оруулснаар Удирдах зөвлөлтэй холбогдсон харилцаа нь утга, агуулгын хувьд өөр хоорондоо зөрчилтэй хоёр хуулийн зохицуулалттай болсон аж.
Мөн хуулийн 36.2-т “Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51- 60 хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна” гэж, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 111-т “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 30 хувь... төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлд орох төлөөллийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно” гэж тус тус заасан нь төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч буюу төр нь төлөөллөөрөө дамжуулж удирдлагаа хэрэгжүүлэх зарчим алдагджээ. Түүнчлэн хуулийн 28.1.12 дахь заалтаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлдөг байсан зохицуулалтыг хүчингүй болгосон нь мөн хуулийн 36.12-т “Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно” заасан нөхцөл байдал бий болоход тухайн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг ямар албан тушаалтан хэрэгжүүлэх нь тодорхойгүй болсон аж. Үүний зэрэгцээ Дээд боловсролын тухай хуулийн зохицуулалтаар төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөлийг байгуулахад үүсгэн байгуулагч буюу төрийн төлөөллийг Боловсролын тухай хуульд заасан 51-60 хувь байснаас 21-30 хувиар бага тогтоосон нь төр төлөөллөөрөө дамжуулж өмчөө ашиглах, хамгаалах, үр дүнтэй зохион байгуулах, хуульд заасан эрх, үүргээ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах, дээд боловсролын байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.