Нийгмийн даатгалын шимтгэлээ 400 мянган иргэн нөхөн төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-08 12:35:46

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх асуудлыг тусгасан юм. Үндэсний статистикийн болон Нийгмийн даатгалын байгууллагын судалгаанаас үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байдаг тул хуулийн төслийг боловсруулах үндэслэл болсон байна.

Хэлэлцүүлгийн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, "Нэгдүгээрт малчид даатгалаа сар бүр төлөөд байх боломж муутай байдаг. Тиймээс хамгийн их орлого олдог цаг хугацаатай нь тааруулж, хавар намрын улиралд шимтгэлээ төлдөг байх уян хатан зохицуулалт гаргаж өгөх хэрэгтэй байна. Өмнө нь нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх хууль хэрэгжсэн. Энэ хоёр хуулийн ялгаа заагийг сайн ойлгуулах хэрэгтэй" гэсэн асуудлыг тодруулахад УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Малчид тогтмол орлого олж чаддаггүй учраас нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлж чаддаггүй учир дутагдал бий. Тиймээс тухайн нийгмийн даатгалын хэлтэстэйгээ тохиролцоод шимтгэлээ төлөх бололцоотой. Өмнө нь хэрэгжсэн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хуулийн хүрээнд 160 орчим мянган иргэн шимтгэлээ нөхөн төлүүлсэн. Энэ хуулинд 400 орчим мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрах юм" гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн хэрэгжих хугацааг хэрхэн тооцож байгааг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн С.Чинзориг, "2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлвэл яасан юм бэ гэсэн асуудлыг байнгын хороон дээр ярьсан. Ирэх оны эхнээс хэрэгжихээр зарим иргэд тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр тогтоолгох асуудал үүсч болзошгүй. Гэтэл ирэх оны төсөв дээр мөнгөн эх үүсвэр суулгаагүй учир төсөвт дарамт үүсэхээр байгаа тул 2018 оноос хэрэгжүүлэхээр тооцсон" гэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, "Малчдад хуулийн тухай мэдээлэл бага очдог. Хууль сурталчилгааг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ. Нийгмийн даатгалын байгууллагад хэр их ачаалал үүсэх бол" гэсэн асуулт тавьсан. УИХ-ын гишүүн С.Чинзориг "Хууль батлагдахаар Засгийн газраас журам гарна. Журмаар зарим асуудлыг зохицуулна. Өмнө гарсан нөхөн төлөлтийн хууль бол салбар харгалзахгүй үйлчилсэн. Одоогийн энэ хуулинд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулна. Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдээс татвар төлсөн баримтыг, малчдаас засаг захиргааны тодорхойлолт шаардах юм. Нийгмийн даатгалын байгууллагын ажиллагсдад тодорхой ачаалал ирэх байх. Бид хуулийг ойлгож таниулснаар ачаалал хэр байх нь шалтгаална байх" гэсэн хариулт өглөө. Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан туслах малчин тэтгэвэр тогтоолгох боломж гарах уу хэмээн лавлахад УИХ-ын гишүүн С.Чинзориг, "Туслах малчин нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад шимтгэлээ төлөөд явж байгаа бол хуульд хамарна" гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж зарим асуудлыг тодруулсаны дараа санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Б.Туул

 

相关新闻