Ерөнхий сайдын томилолтын мөрөөр зарим арга хэмжээг авахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-07 18:38:36

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай зарим арга хэмжээг авахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа  сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. 

Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн зориулалтын автомашин хуваарилж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.

Мөн ”Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн 45.3 км төмөр замын ажлыг “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх ажлыг эхлүүлэх, улсын тусгай хамгаалалттай Тост, Тосонбумбын нурууны нутгийн хилийн заагийг тогтоохыг салбарын сайд нарт даалгав.

70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.

相关新闻