Ираны эсрэг хоригоо сунгахгүй байхыг АНУ-аас хүсэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕГЕРАН. /Sputnik/. АНУ-ын зүгээс Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг сунгах тухай хуульд Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурах ёсгүй, хэрвээ гарын үсэг зурвал Ираны цөмийн хэлэлцээрийг зөрчсөн хэрэг болно гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдэв.
АНУ-ын Сенатын танхим энэ сарын 1-нд Иранд авсан цөмийн асуудалд холбогдолгүй хориг арга хэмжээг 10 жилийн хугацаагаар сунгах тухай хуулийг санал нэгтэйгээр баталсан байна. Б.Обама гарын үсэг зураагүй тохиолдолд уг хууль 12 дугаар сарын 31-нд хүчингүй болох байсан юм.
Иран болон “5+1” бүлгийн орнууд цөмийн хэлэлцээр байгуулснаар Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлаж, хариуд нь тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлахаар тохиролцсон билээ. Харин Ираны эсрэг хоригоо АНУ сунгах нь уг хэлэлцээрт хамааралтай эсэх нь тодорхойгүй байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж "АНУ-ын баталсан энэ хууль нь дээрх гэрээг зөрчсөн хэрэг мөн. Конгрессын баталсан дээрх хууль гэх зэрэг цөмийн хэлэлцээрийг зөрчсөн аливаа хууль тогтоомж гаргахыг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хориглоно гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлж байсныг" сануулан дурджээ.
Д.Нямтулга