Швейцарийн элчин сайд Архангай аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2015 оны 10 дугаар сарын эхээр Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир суманд Швейцарь улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Де Даруиел Мандель Мюулбах айлчиллаа.
Тэрээр, БНХАУ, Монгол Улсыг хариуцан Бээжин хотод суудаг бөгөөд манай улсад тав дахь, Архангай аймагт анх удаагаа айлчлав.
Элчин сайдаа дагалдан Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл ирлээ. Учир нь “Нэг цонхны үйлчилгээ”, бэлчээрийг зүй зохистой ашиглах “Ногоон алт” зэрэг хэд хэдэн төслийг Архангай аймагт хэрэгжүүлж байгаа. Элчин сайд Эрдэнэбулган сумын нэг цонхны үйлчилгээг хараад сэтгэл өндөр байлаа. “Нэг цонхны үйлчилгээ” бол төрийн үйлчилгээг нэг дороос иргэдэд хөнгөн шуурхай хүргэдгээрээ онцлог юм.
Бугат багийнхан бусдыгаа үлгэрлэв
Архангай аймийн Ихтамир сумын Бугат багийнхан бэлчээрийг зүй зохистой ашиглаж нөхөн сэргээх талаар сэтгэлээсээ санаачлагатай ажиллаж байгаад бүгд ам сайтай байна.
Тус багийнхан Швейцарь улсын засгийн газрын хөгжлийн агентлагаараа дамжуулан хэрэгжүүлж буй “Ногоон алт”- төслийг амьдралдаа бодитойгоор нэвтрүүлж байна. Тус багийн малчид 60-га-д ногоон тэжээл тарьж, 40 га талбайн бэлчээрийг цэвэрлэж бордон хамгаалалтанд авчээ.
Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвасүрэн дээрээс гар хараад сууж байгаа хүмүүст энэ багийн бэлчээрийн менежментийг харуулах юмсан гэж шүүрс алдаж байлаа.
Энэ бүхэнтэй танилцаж явсан Швейцарь улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Де Дардиел Мануель Мюулбах “Төсөл хэрэгжүүлж буй газар нь л төслөө хянаад үр дүнг нь хараад буцах бус орон нутаг нь дэмжиж, хамтран ажиллаж, төсөл дууссан ч уламжлан тээж явах асуудал чухал байдаг” гэж онцлон зөвлөв.
Архангай аймаг Л.Булган