Финландад гурван эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХЕЛЬСИНК. /ВВС/. Улс төрч эмэгтэй болон хоёр сэтгүүлч эмэгтэйг ресторанаас гарч явах үед нь буудан хөнөөсөн хэрэг Финландад гарчээ.
Тус улсын зүүн өмнөд нутгийн Иматра хотод өчигдөр гарсан энэ гэмт хэргийн нөхцөл шалтгаан тодорхойгүй байна. Уг хэрэгтэй холбогдуулан тус хотын оршин суугч болох 23 настай залууг баривчилжээ. Тэрбээр өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан аж.
Хэрэгтэн хэн нэгнийг хөнөөхөөр товлоогүй байсан бөгөөд санамсаргүй байдлаар уг гурван эмэгтэйн амийг хөнөөсөн байх магадлалтай байна гэж цагдаагийн газар мэдэгдэв. Амиа алдсан улс төрч эмэгтэй нь Иматра хотын зөвлөлийн дарга Тийна Вилен-Яппинен байжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, халдлагыг винтов буугаар үйлдсэн бөгөөд сэжигтнийг тэр даруй баривчилсан байна. Харин хохирогчид цээж болон толгойдоо буудуулсан байна гэж Финландын “YLE” телевиз мэдээллээ.
Финландад гэмт хэрэг харьцангуй цөөн гардаг боловч тус улсад ан гөрөө хийх нь түгээмэл учраас буу эзэмшдэг иргэдийн тоогоороо дэлхийд дээгүүрт ордог орон юм.
Д.Нямтулга