"Болор цом" наадам Дорнод аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг яруу найргийн уламжлалт баяр "Болор цом" наадмыг ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулахаар болжээ.
Наадмыг зохион байгуулах саналыг Монголын Зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн Дорнод аймгийн салбар аймгийн ИТХ-д оруулж дэмжүүллээ. Ирэх 2017 онд яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсны 70 насны ой тохиож байгаатай холбогдуулан "Эрээнцавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн найрагчид зориулж, МЗЭ-ээс энэ жилийн Болор цомыг түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн байна.
Энэ тухай МЗЭ-ийн гүйцэтгэх захирал М.Саруул-Далай "Уг наадмыг зохион байгуулах санаачлагыг дэмжиж, идэвхийлэн зүтгэсэн Дорнод аймгийн утга зохиолын салбарынхан болон Дорнын их найрагчаа хүндэтгэн наадмыг зохион байгуулах шийдвэр гаргасан Дорнод аймгийн удирдлага ИТХ-ын дарга, төлөөлөгч та бүхэнд талархлаа илэрхийлье. Ганц яруу найргийн наадмаар зогсохгүй эрхэм найрагчын 70 насны ойд зориулсан олон ажил хийхээр төлөвлөсөн байгааг энэ ялдамд дуулгая" хэмээжээ.
Б.Туяа