"Лалын улс" Европт халдлага үйлдэх нь эрчимжиж болзошгүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /Reuters/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхнийг дарах ажиллагаа Ойрхи Дорнодод эрчимтэй өрнөж байгаатай холбоотойгоор тус бүлэглэлийн босогчид Европыг онилон халдлага үйлдэж магадгүй гэж Европол буюу Европын Холбооны Хууль сахиулах байгууллага анхаарууллаа.
Тус байгууллагын мэдэгдсэнээр, босогчид олноороо Европт буцаж очин халдлага дэлбэрэлт үйлдэж болзошгүй.
Машин дэлбэлэх, хүн хулгайлах, сүрдүүлэн мөнгө салгах зэрэг тактикаар тэд ажиллаж магадгүй гэж албаны хүмүүс хэлэв.
Мөн Европолоос гаргасан мэдэгдэлд “тус бүлэглэлийнхэн одоо “зөөлөн бай”-нуудыг илүүд үзэж байна. Энэ оны долдугаар сард Францын Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн этгээд шиг “ганцаарчилсан тоглолт” хийхийг тэд илүү чухалчилж байна” гэжээ.
Хэт давруу үзэлтнүүд Европ дахь дүрвэгчдийн хуарангуудад нэвтрэн Сирийн дүрвэгчдийг эгнээндээ элсүүлэхийг оролдож магадгүй гэж Европол мөн анхааруулж байна.
Сүүлийн жилүүдэд “Лалын улс” бүлэглэлийнхэн Европт хэд хэдэн удаа халдлага үйлдсэн билээ. Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сард Парис хотод концертын танхим, баар болон ресторан руу халдан 130 хүний аминд хүрсэн. Мөн 2016 оны гуравдугаар сард Брюсселийн нисэх онгоцны буудал болон метронд амиа золиослогчид дэлбэрэлт үйлдэн 32 хүний аминд хүрсэн бол 2016 оны долдугаар сарын 14-нд Францын өмнөд нутгийн Ницца хотод нэгэн этгээд ачааны машинаар 80 гаруй хүнийг дайран хөнөөсөн юм.
Г.Доржханд