Сайн дурын 100 идэвхтэн 300 иргэнийг халамжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЖил бүрийн 12 дугаар сарын эхний 7 хоногт Олон улсын Сайн дурын идэвхтнүүдийн баярын өдөр байдаг. Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны Сайн дурын идэвхтэн /СДИ/-үүд баяраа тэмдэглэлээ.
Хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэх гэж яваа СДИ-үүдийн 90 орчим хувь нь тэтгэврийн насны ахмад эмэгтэйчүүд байдаг. Гэхдээ сүүлийн 2 жилд СДИ-ий нас залуужиж эгнээ нь өргөжин тэлж, эрэгтэйчүүд ч олон болж байгааг УЗХ-ны аргазүйч В. Батсүх онцоллоо.
Сүхбаатар аймгийн УЗХ-ны үйл ажиллагаанд тогтмол оролцдог 100 сайн дурын идэвхтэн /СДИ/ бий. Нэг сайн дурын идэвхтэн зорилтот бүлгийн гурван хүнийг, 100 СДИ 300 хүнийг халамжилдаг. Сайн дурын идэвхтнүүд найман бүлэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг.
Британийн Улаан загалмайгаас “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь ” төслийг Сүхбаатар аймагт 4 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд зорилтот бүлгийн өрхүүдэд сардаа нэг удаа хүнсний тусламж өгч, жилд нэг удаа нэг өрхөд гэр олгодог. Мөн УЗХ-ноос гамшигт өртсөн иргэд, малчдад гэрийн дулаалга, хувцас, түлээ нүүрс, хүнсний тусламжийг үзүүддэг бөгөөд энэ бүгдийг сайн дурын идэвхтнүүд хүрэх ёстой эздэд нь хүргэж, үйлчилдэг. Үүнээс гадна СДИ-нүүд өөрсдийн халамжлагч иргэдрүүгээ сард 2 удаа очиж, ус, түлээг нь ойртуулж өгөх, мэдээ мэдээлэл өгөх, халуун дулаан яриа өрнүүлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг.
Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо СДИ-үүдийн үйл ажиллагаагаараа 21 аймаг дундаа жишигт тооцогддог юм.
Т. Одончимэг