ОНРТ-ийн тухай хуулийг яаран өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-30 16:47:07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг сонсов.

Ажлын хэсгийн зүгээс тус байгууллагын удирдлага болон Үндэсний зөвлөл ОНРТ-ийн тухай хуулиа хэрхэн хэрэгжүүлж байгаа эсэх, ажиллагсдын Түр хорооноос тавьсан асуудлыг магадлах, уран бүтээлчдийн зүгээс тавьж буй саналуудыг сонсох зэрэгт анхаарлаа хандуулсан байна. Ажлын хэсгийн зүгээс Ц.Оюундарь нь Ерөнхий захирлаар томилогдохынхоо өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэн өгөөгүй байсан. Түүнчлэн жил гаруйн хугацаанд бүтцийн өөрчлөлтийг 5 удаа хийсэн. Тухайлбал, жил гаруйн хугацаанд Монголын мэдээ сувгийн захирал 4 удаа, МҮОНРТ-ийн дэд захирал 3 удаа, MNB1 дүгээр сувгийн захирал 3 удаа сольсон. Өдгөө тус телевиз гурван сувгаар нийтлэл нэвтрүүлгээ цацаж байгаа ч МNB2 болон спортын сувгаа өргөн нэвтрүүлгээр цацдаггүй. Гэтэл хуулиндаа Олон нийтийн радио, телевиз нь өргөн нэвтрүүлгээ нэвтрүүлгээ цацах ёстой. Мөн  арилжааны зар сурталчилгаа явуулдаг гэхчлэн зөрчил байгаа аж. 

Танилцуулгатай холбогдуулж энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг өөрчлөх гэж яаравчлах шаардлагагүй. Танилцуулгаас харвал Үндэсний зөвлөл нь ажлаа сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр голлох нам тус телевизийг өмчилдгөө болих хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэхүү байгууллагыг улстөрөөс ангид байлгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Батзориг ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилтийг хангадаг байх нь хамгийн сайн гарц байх болно гэсэн юм.

Ингээд байнгын хорооны зүгээс тус телевизэд мэргэжлийн байгууллагын шалгалт оруулах, удирдлагын багт арга хэмжээ авч шинэчлэх шаардлагатай гэсний зэрэгцээ ОНРТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэн нэгэн гишүүн өргөн барьсан тохиолдолд хэлэлцэх нь зүйтэй юм гэж үзлээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻