УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Төрийн байгуулалтын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус 09.00 цагаас хуралдаантай. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсоно.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо үдээс хойш хуралдах тов гарсан байна.
Хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон албаны нууцын тухай, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих хэлэлцүүлгийг хийх юм.
Б.Туул