Хөгжлийн банкны мэдээллийг 5 хоногоор хойшлууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан ч түр хойшлууллаа.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан 5 хоног хойшлуулах санал гаргасан юм. Учир нь Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг байнгын хороо хуралдахаас 3 цагийн өмнө гишүүдэд тарааж өгсөн байна.
УИХ-ын Дэгийн тухай хуулинд гишүүдэд холбогдох төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг 3 хоногийн дотор хувилж хүргүүлнэ хэмээн заасан байдаг байна. АН-ын гишүүдийн зүгээс уг асуудлыг үзэж танилцах бололцоо олгоогүй хэмээн үзэж байгаа аж.
Мөн АН-ын бүлгийн хуралдаанаар дээрх шалгалтын дүнг хэлэлцэх ёстой хэмээн үзэж байна.
Б.Туул