Узбекистаны сонгогчид гэр бүлийнхээ хүмүүсийг төлөөлж санал өгдөг явдлыг зогсооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТАШКЕНТ./TASS/. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр тухайн иргэн гэр бүлийнхээ хүмүүсийн өмнөөс санал өгөхийг хориглох тухай шийдвэрийг Узбекистан улсын Сонгуулийн төв комисс гаргажээ. Энэ тухай тус комиссын дарга Мирза-Улугбек Абдусаломов мэдэгдэв.
Сонгогчдын хууль эрхзүйн боловсрол, соёлыг дээшлүүлэх асуудлыг маш нухацтай судалсан гэж тэрбээр хэллээ. “Хэн нэгэн иргэн санал хураах байранд ирээд, хэд хэдэн паспорт гаргаж үзүүлээд гэр бүлийнхнийхээ өмнөөс санал өгдөг явдлыг халах талаар бид маш нухацтай бодсон. Ийм байдлыг халахыг бид зорьж байна” гэж ноён Абдусаломов ярилаа.
Үүний тулд радио, телевизийн сувгуудаар дамжуулан сурталчилгаа хийж, 100 мянга гаруй ширхэг зурагт хуудас тараасан байна. Мөн дээрх үйлдлийг хориглосон болохыг тайлбарласан мэдээллийн самбаруудыг санал хураах байранд байрлуулжээ.
Сонгуулийн төв комиссын даргын хэлснээр, гэр бүлийнхээ хүмүүсийн өмнөөс санал өгсөн хүнд захиргааны шийтгэл ногдуулах аж.
Дашрамд дурдахад, ирэх сарын 4-нд болох Узбекистан улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явцыг сурвалжлахаар 1300 гаруй хэвлэл мэдээллийн ажилтнууд, тэдний дотор 60 гаруй гадаадын сэтгүүлчид ажиллах ажээ.
Х.Сарнай