Яармагийн 300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ“Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод байгаа юм.
Төслийн уралдаант шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд нэг компани саналаа ирүүлээд байна. Иймээс цаашид уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.
Төсөл хэрэгжвэл эрүүл мэндийн даатгалын сангаар эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэгтэй болох юм.
Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо
Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 27 байгууллагад бөөр орлуулах 169 ширхэг гемодиализын аппарат ажиллаж байгаа юм. Улсын хэмжээнд 564 хүн энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага тооцож гаргажээ. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт 3 удаа, насан туршдаа гемодиализын эмчилгээ хийлгэх бүртээ хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлөх шаардлагатай болдог бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлыг төрөөс хариуцахаар боллоо.
22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов
Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.