Эрдэмтний намтарт Монголын газар тариалангийн хөгжлийн замнал багтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ“Атрын аяны анхны багш, Алдар хүндэт эрдэмтэн агрономич” хэмээх нэгэн номыг Дархан- Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Таримал ургамлын генетик нөөцийн сектор эмхэтгэн хэвлүүлжээ.
Энэ ном Монгол Улсын зөвлөх агрономич, ХААИС- ын хүндэт профессор Ч. Дамбын ажил амьдралын намтар түүх, хөдөлмөр бүтээлийн замналаас бүтсэн бөгөөд нэгэн эрдэмтний намтар түүхийн ард Монгол орны газар тариалангийн салбарын өнөөг хүртэл хөгжиж ирсэн түүх багтсан бүтээл болжээ.
“Монгол орны хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт мэргэжилтэн, эрдэмтэд бэлтгэх, судалгаа шинжилгээний нөр их үйлст өөрийн амьдралыг зориулж ирсэн, одоо ч зориулж яваа эрдэмтэн Ч.Дамба гэдэг энэ агуу хүний хөдөлмөр бүтээлийг алдаршуулах нь түүний үндэслэн байгуулсан Таримал ургамлын генетик нөөцийн секторын хамт олон бидний үүрэг юм. Тиймээс бид Ч.Дамба гуайнхаа хөдөлмөр алдрыг хүндэтгэн, үе үед төрүүлсэн эрдэмтэн шавь нарынх нь хамтаар эрдмийн чуулган зохион байгуулж, намтар түүхийн номыг нь хэвлүүллээ” гэж УГТХ-ийн Таримал ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч Т.Атарсайхан хэлсэн юм.
Номын нэгдүгээр бүлэг профессор Ч. Дамбын туулж ирсэн ажил амьдралын зам, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт нээсэн түүний бүтээлүүдийн талаар өөрийн нь бичсэн түүхээс бүтсэн бол хоёрдугаар бүлэгт бичиж туурвисан шинжлэх ухааны бүтээлүүдээс нийтэлжээ. Харин гуравдугаар бүлгийг Их эрдэмтнээ эргэн дурсахуй хэмээн нэрлэж, профессор Ч. Дамбын үе үеийн шавь эрдэмтэд, хамт олон, уугуул нутгийн ард иргэдийн дурсамжуудыг багтаасан байна.
Т.Отгонтуяа