ХХААХҮ-ын сайд “Малчдад туслах сайн санааны аян”-д нэгдэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Малчдад туслах сайн санааны аян” санаачилсан бөгөөд уг аянд нийт иргэд, албан байгууллага, гадаад орны Элчин сайдын яамд болон хандивлагч орон, олон улсын байгууллагуудыг хандив, тусламж өгөхийг уриалжээ.
Уг уриалгад “Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-г өрнүүлэхийг уриалж байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах талаар мэдээлсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг хэлэлцэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 82.8 хувьтай хангагдсан байна. Гэвч энэ оны 10, 11 дүгээр сард ихэнх нутгаар их хэмжээний цас орж нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтосон. Одоогийн байдлаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгууд зудын эрсдэлд орсон. Энэ нь нутгийн 70 гаруй хувийг эзлэж байна.
Тиймээс “Малчдад туслах сайн санааны аян”-аар цугларсан дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байна. Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг монголын ард түмэндээ уриалж байна” гэжээ.
Ч.Ариунболд