2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилт рүү” үндэсний чуулган энэ сарын 24-25-нд болно.
Чуулганаар НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол Улсын салбар бүрийн нэгдсэн зохицуулалт, хөгжлийн бодлогын уялдаа холбоо, төлөвлөлт, удирдлага, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ. “Монгол Улсын тогтвортой хөгжилд хүрэх зам”, “Бүс нутгийн тогтвортой хөгжил” болон “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт /ТоС/-ИЙН Форум 2016” салбар хуралдаанаас бүрдэх уг чуулганд НҮБ зэрэг олон улсын төлөөлөгчдөөс гадна УИХ, БОАЖЯ, Сангийн яамны удирдлагууд оролцож, Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.
Чуулганыг угтан БОАЖЯ-наас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” аяныг өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн. Энэхүү аян нь Монгол Улсын Тогтвортой Хөгжил, ногоон хөгжлийн бодлогыг сурталчилан таниулах, хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийт, бизнесийн байгууллагын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Аяны хүрээнд Аригбанк болон МУЗН хамтран хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төсөлд нэгдэж, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд бараа бүтээгдэхүүн, эд зүйлс, хувцас зэргийг бэлэглэжээ.
Ч.Ариунболд