Наран дээр асар том толбо үүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-12-14 13:40:58

КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /unian/. Нарны Дэлхий рүү харсан тал дээр асар том толбоны бөөгнөрөл үүссэн тухай эрдэмтэд мэдээлж байна. Энэхүү бөөгнөрлийн нийт талбай нь түүхэн дэх хамгийн хүчтэй гео соронзон шуурганы талбайтай тэнцэж байгаа тухай Live Science сэтгүүлд бичжээ.


1859 оны гео соронзон шуургыг "Кэррингтоны үйл явдал" гэж нэрлэдэг бөгөөд ажиглалтын түүхэнд хамгийн хүчтэйд тооцогддог. Шуурганы үеэр Европ, Хойд Америк даяар цахилгаан холбоо ажиллагаагүй болж байжээ.


Наран дээрх толбонууд нь цацрагийн хүчтэй дэлбэрэлт, нарны дэлбэрэлт үүсгэдэг. Үүссэн толбонуудын далд соронзон хүчний шугамууд муруйж тасарснаар энерги чөлөөлөгдөх үед ийм дэлбэрэлтүүд болдог. Дэлбэрэлтүүд дэлхий дээрх радио холбоонд доголдол үүсгэж, мөн маш хурдтай хөдөлж буй плазмын үүл үүсгэдэг байна.


AR 4294-4296 гэж нэрлэсэн уг толбоны бөөгнөрөл нь хоорондоо орооцолдон холбогдсон AR 4294 ба AR 4296 гэсэн хоёр өөр бүлэг толбоноос бүрдсэн байна. Эрдэмтэд анх уг толбыг 11 дүгээр сарын 28-нд анзааран ажиглажээ.


AR 4294-4296 толбоны бөөгнөрлийг “сүүлийн 10 жилд бүртгэгдсэн хамгийн том бүлэг толбонуудын нэг” гэж үзэж байгаа бөгөөд АНУ-ын Далай, агаар мандлын судалгааны үндэсний газрын (NOAA) ангилснаар хамгийн хүчтэй буюу X ангиллын дэлбэрэлт үүсгэх магадлалтай. 


Хэрэв "Кэррингтоны үйл явдал" өнөөдөр давтагдвал тойрог замд буй бүх хиймэл дагуулуудыг сүйтгэж, дэлхий дээр цахилгаан эрчим хүчний сүлжээнд эвдрэл үүсгэснээр нийт хохирол 1 их наяд ам.доллароос давж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.


Гэхдээ Наран дээрх толбоны хамгийн их дэлбэрэлт үүсгэх чадвар нь соронзон талбайн бүтэц болон дэлбэрэлтийн давтамжаас хамаарах тул зарим том толбо ямар ч аюулгүй байж болно гэдгийг эрдэмтэд онцолжээ.



相关新闻