Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-13 11:12:24

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд малчдаас 36 тэрбум орчим төгрөгийн даатгалын хураамжийг цуглуулсан бол 29.4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр буцаан олгожээ. Тэр дундаа сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2023 онд 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийг, 2024 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийг нөхөн олговор болгон төлсөн байна.


Хамгийн өндөр дүнтэй буюу 15 сая төгрөгийн нөхөн олговрыг 2023 онд Төв аймгийн Баянзүрх сумын малчин, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөр болох 86 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин авсан аж. Ажлын хэсгийнхний мэдээлснээр, малын индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь төр, хувийн хэвшлийн хамтарсан түншлэлээр хэрэгждэг тогтолцоо болохыг онцолж байв. Түүнчлэн энэхүү хуулийн төслийг баталснаар малчдад ихээхэн өндөр өгөөжтэй болохыг гишүүд тэмдэглээд, мал аж ахуйн салбарыг дэмжихээс гадна малчдын нийгмийн асуудлыг төрөөс онцгойлон анхаарч, шийдвэрлэх шаардлагатай талаар саналуудыг гаргав. Үүний зэрэгцээ даатгалын компаниудынхаа үйл ажиллагаа явуулах боломжийг нягтлан, уялдуулан шийдвэрлэх ёстойг хэлж байлаа.


Энэхүү төслийг УИХ баталснаар даатгалд хамрагдах малчдын тоо нэмэгдэх, улмаар зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн даатгалын нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан тул малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна.

相关新闻