НҮБ-ын ОУШХБ-ын Зөвлөлийн 116 дугаар бага хуралд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгч оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Швейцарын Женев хотноо энэ сарын 8-10-нд хуралдсан НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Зөвлөлийн 116 дугаар бага хуралд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын энэ удаагийн бага хуралд 175 гишүүн улс, ажиглагч 8 улс, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцож, яриа хэлэлцээ өрнүүллээ. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа бага хурлын эхний өдөр зохион байгуулсан “Сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааны сан-Хамтын ажиллагаанд уриалах нь” салбар хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, олон улсын шилжилт хөдөлгөөний бодлого, уялдаа холбоо, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгт гишүүн орнуудын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцоллоо.
Бага хурлын хоёр дахь өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд манай төлөөлөгчид Монгол Улсын байр
суурийг илэрхийлэн үг хэлэв. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ,
НҮБ-ын ОУШХБ-ын чиг үүрэг, манлайлал, улс орнуудад үзүүлж буй туслалцаа
дэмжлэгт талархал илэрхийлж,
шилжилт хөдөлгөөний асуудлаар Монгол Улсын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Монгол Улс, ОУШХБ-ын хамтын
ажиллагааны ололт амжилт, хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэв.
ОУШХБ-ын Ерөнхий захирал Эми Поуп Монгол Улсын Засгийн газраас тус байгууллагад үзүүлж ирсэн дэмжлэг, “Сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааны сан”-д сайн дурын хандив ирүүлсэнд гүн талархал илэрхийлж, Улаанбаатар дахь ОУШХБ-ын Суурин төлөөлөгчийн газрыг бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. 1951 онд байгуулагдсан НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад Монгол Улс 2008 онд гишүүнээр элссэн юм ГХЯ-наас мэдээллээ.
Ulaanbaatar