ДАРХАН-УУЛ: Хөлдөлтөөс үүдэн хөл, гараа тайруулах тохиолдол гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд хөлдөлтийн байдлаас шалтгаалан хөл, гараа тайруулах тохиолдол бүртгэгддэг байна. Жил бүрийн арванхоёр, нэгдүгээр сард нэмэгддэг энэхүү тохиолдол ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осголт, хөлдөлтийн байдалтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгддэг ажээ.
Өнөөдрийн байдлаар хөлдөлтийн зэргээс шалтгаалан мөчдийн доод, дээд, мөчдийн сарвууны хөлдөлтийн 2-3 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөлдөлтийн зэрэг өндөр учир тайрах буюу мэс засал хийгдэнэ гэдгийг нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаас мэдээлж байна.
Учир нь хөлдөлтийн зэрэг өндөр байвал эмчилгээнд үр дүн үзүүлдэггүй аж.
Ялангуяа арванхоёрдугаар сард баяр ёслол тэмдэглэсэн үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хөлдөлтийн байдалтай эмнэлэгт хүргэгдэх нь нэмэгддэг тул болгоомжтой байхыг анхааруулж байна.
Ихэвчлэн залуучууд дээрх тохиолдлоор эмнэлгийн тусламж авдаг бөгөөд хөдөлмөрлөх насан дээрээ гар, хөлөө тайруулах мэс засал хийлгэх харамсалтай тохиолдол гардаг учир архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь чухал гэдгийг онцолж байна.
Ташрамд өнгөрсөн онд хөлдөлт, осголтын байдлаас шалтгаалан таван иргэн хөл,
гараа тайруулсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.
Ulaanbaatar