ДАРХАН-УУЛ: Өвөлжилт хүндэрч зуд болох магадлалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-04 20:10:02

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цас их орж хатуурсан, малчид төв суурин газар явахад зам гаргахаас эхлээд хүндрэлтэй зүйлүүд тулгарч байгааг аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд ярилаа. 


Өнөөдрийн байдлаар сумдын хэмжээнд хэвийн гэж үнэлэгдсэн боловч газар дээр нь нөхцөл байдалтай танилцахад зудархуу, нөхцөл хүндэрсэн гэдгийг тодотгож байна.


Зам, даваа цасанд хаагдсан тохиолдол бүртгэгдээгүй ч мал бэлчих, авто машин зорчиход хүндрэлтэй байна гэв.


Энэ сард хэд хэдэн удаа цас орох урьдчилсан мэдээ бий гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгсөн. Хэрэв өнгөрсөн сард орсон шиг их хэмжээний цас орсон тохиолдолд зуд болж, малчид гэлтгүй орон нутагт зорчиход маш их хүндрэлтэй болно гэдгийг анхаарууллаа.


Төв газраас алслагдсан малчдын зорчих нөхцөлийг хангах үүднээс аймгийн засаг даргын үүргийн дагуу зам, давааны цасыг цэвэрлэжээ.




Мөн аймгийн ОБГ-аас малчдад хандан цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол авч байх, малыг насан хүрсэнд хүрсэн хүн хариулах, өвс тэжээлийн нөөцийг сайтар бэлдэж, галын аюулгүй байдалд хяналт тавихыг анхаарууллаа.


Учир нь 11 дүгээр сарын сүүлээр орсон цаснаас таван хүүхэд мал хариулж байгаад төөрсөн гэх дуудлага ирсэн байна. Мөн өвлийн нөөцөд бэлдсэн өвс, тэжээл шатсан гэх дуудлага ирсээр байгааг анхааруулж байна.

相关新闻