ДАРХАН-УУЛ: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх" сургалтад төрийн албан хаагчид хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. НҮБ 1981 оноос жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн гол зорилго нь тэгш оролцоог хангах нь хүний суурь эрх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах юм.
Аймгийн хэмжээнд 5000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Үүнээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд төвд бүртгэлтэй 570 орчим хүүхэд бий. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 317 нь ЕБС, СӨБ-д хамрагддаг бол 209 хүүхэд боловсролын ямар нэг үйлчилгээ авах боломжгүй гэртээ байдаг ажээ.
Энэ өдрийг угтан Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт нар хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлоох замаар нийгмийн дэвшлийг ахиулах нь" уриан дор сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд Дархан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамрагдав.
Урилгаар Хөгжлийн ялгаатай бодибилдингийн тамирчин Ц.Хулан нийгмийн орчны саад бэрхшээлийг даван туулж байгаа "Амжилтын түүх" сэдвээр уулзалт ярилцлагыг хийж нөлөөллийн ажил зохион байгуулж иргэдэд гадуурхагдах бус тэгш эрхтэй байх ойлголтыг санал болголоо.

Мөн аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Дэлгэрсайхан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр, Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх" сэдвээр төрийн албан хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагын талаар сургалт зохион байгууллаа.
Ташрамд, аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байхыг орон нутгийн
удирдлагууд уриалж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд авто замын
явган хүний гарцад дуут гэрлэн дохио байрлуулах ажлыг 2025 онд хоёр хэсэгт хийжээ.
Ulaanbaatar