Алсалсан сумдын эмнэлгүүд ургийн эмгэгийг эрт илрүүлэх хэт авиа болон зүрхний бичлэгийн аппараттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд сумын эмнэлгүүдэд зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат хүлээлгэн өгчээ.
Энэ хүрээнд 10 аймгийн 20 сумын Эрүүл мэндийн төв, алслагдсан хоёр дүүргийн өрхийн эмнэлэгт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг өгсөн байна. Эх барихын практикт хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ хийх нь өндөр ач холбогдолтой байдаг ажээ. Жирэмсний хугацаанд доод тал нь дөрөв, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамруулах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад найман сартайгаас хянаж үнэлгээг хийх ёстой юм байна. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт аливаа эмгэгийг эрт илрүүлж оношлоход өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм.
Энэ оношилгоо, үнэлгээг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл онол, практикийн сургалтыг нийслэлийн “Өргөө” амаржих газарт зохион байгуулжээ.


Ulaanbaatar