Даваа гаргаас нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Амбулаториор үзүүлсэн 278 мянган иргэний 11.9 хувь буюу 33 мянга гаруй нь томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хандсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Томуу, томуу төстөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15, 39 хувийг 5 хүртэлх насныхан эзэлжээ. Тэгвэл амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 63.2 хувийг тав хүртэлх насныхан байгаа юм.

Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд нэмэлтээр 800 гаруй ор дэлгэсэн байна. Зөвхөн нийслэлд л гэхэд 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж буйгаас 57.9 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд 87.9 хувь нь хүүхэд юм. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нийслэлд нэмэлтээр 468 ор дэлгэжээ.
Тэгвэл томуу, том төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгчээ. Тэрбээр “Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр бид хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлээд 1-5 дугаар анги цахим хичээлд шилжинэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжинэ” хэмээн ярилаа.
Тэгвэл ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх ажээ. Харин цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Учир нь, цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй бөгөөд зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байгаа юм.
Ulaanbaatar