Ж.Батзандан: Би АН-ын дарга болвол Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч лхагва гарагт хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “Ардчилсан намын шинэчлэлийн асуудлыг эрчимтэй ярьж байна. ҮЗХ-ноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгаж, ард түмэнтэй нь ойртуулна. Энэ намыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийг өөрчилнө" гэв.
Тэрбээр мөн ирэх сарын 6-ны өдөр Ардчилсан нам Их хурлаар ҮЗХ-гоо тарааж шинэ дүрмээ батлан, шинэ Ардчилсан нам бий болно гэж тодотгов. Мөн "Явцуу фракциудыг тарааж мэргэжлийн фракциудыг бий болгож, намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та аль фракцид харъяалагддаг юм бэ? Та намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Ардчилсан намын фракциуд татан буугдах процесс эхэлж байна. Намын залуус маань фракц, бүлэглэлийг татан буулгах саналтай байгаа. Хоёр өдрийн өмнө болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр миний бие аль ч фракцид хамааралгүй гэдгээ албан ёсоор зарласан. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг фракцид харъяалалгүй хүн гэж ойлгох хэрэгтэй. Бүлэглэлгүй улс төрч гэж ойлгох хэрэгтэй. Шинэ үеийн шинэ улс төрийг хийх улс төрч гэж ойлгох хэрэгтэй болов уу.
- Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн гэр бүлийн хүмүүсийг саатуулж байна. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
-Ардчилсан нам гишүүдээ хорьж, цагддаг, цагдаагаар дарамталдаг, хөөдөг коммунист, фашист арга барилаасаа татгалзах хэрэгтэй. Өнөөдрийн Ардчилсан намын дотоод зохион байгуулалт тогтолцоог харах юм бол нэг бол үгэнд ор, үгүй бол шоронд ор гэдгээс өөр тулгалт алга.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал