Улс тунхагласан өдөр амрах хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-18 11:28:31

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс ямар нэг асуулт,  саналын томьёолол гарсангүй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргахад 81.8 хувь нь дэмжлээ. 

Хуулийг төслийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн. Харин УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

Б.Туул

相关新闻