ДОРНОГОВЬ: Соёлын төвийн өнгө төрхийг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-28 15:20:36

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгон бол Монголын нефтийн үйлдвэрийн анхны шанг татсан түүхэн газар юм.


Нийт 2000 гаруй хүн амтай, төмөр зам, авто зам зэрэг дэд бүтэц хөгжсөн тус багийн Соёлын төвийн хамт олон хүн амд соёлын үйлчилгээг олон талт хэлбэрээр хүргэж байна. Зүүнбаянгийн соёлын төв нь 1954 онд нефтийн үйлдвэрийн ажилчдын клуб нэртэй анх сууриа тавьж байсан бөгөөд 1969 онд нефтийн үйлдвэр хаагдаж цэргийн анги бий болох үед “Баянговь” ардын театр болон өргөжиж байжээ.


Тус соёлын төв нь Соёлын тэргүүний ажилтан Ш.Долгорсүрэнгийн нэрэмжит болж эдүгээ урлаг соёлын ажлууд хийгээд сурагчдын дунд хөгжмийн дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг есөн хүний бүрэлдэхүүнтэй иргэдэд хүргэж байна. Мөн монголдоо томоохонд тооцогдох заал танхим, үйлчилгээний өрөө тасалгаатай бөгөөд энэ жил барилгын гаднах засвар тохижилтын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр гүйцэтгэж, өнгө төрхөө шинэчилжээ.



Зүүнбаянгийн хүүхдүүдэд офицеруудын ордон нэрээр хоногшсон энэхүү соёлын төвөөс урлаг соёлын олон алдартан төрөн гарсан. Хуучнаар Ардын армийн хэмжээнд ийм загвараар барьсан дөрвөн ордон байдаг аж. Зүүнбаян дахь Соёлын төв ордон нь тухайн багийн соёл, спорт, урлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.

相关新闻