Шэнжөү-22 хөлгийг амжилттай хөөргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /TASS/. Хятадын “Шэнжөү-22” сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн тухай Жюцуань сансрын хөлгийн буудлын хөөргөх цогцолборын комдандлагч Сүн Жюйшүн мэдээлжээ.
"Шэнжөү-22” урьдаас тогтоосон тойрог замд амжилттай гарч, нарны эрчим хүчээр ажилладаг дарвуул нь дэлгэгдсэнээр хэвийн горимоор ажиллаж байна. Хөөргөлт амжилттай болсныг зарлаж байна" гэж Сүн Жюйшүн мэдэгдсэн байна.
Сансрын уг хөлгийг Хятадын хойд нутагт орших Жюцуань сансрын хөлгийн буудлаас CZ-2F/G (Чанжэн-2-Эф/Жи) зөөгч пуужингаар Бээжингийн цагаар өнөөдөр 12:11 цагт хөөргөжээ. Хөлөг тойрог зам дахь Хятадын сансрын станцын гол модультай хэдэн цагийн дараа залгагдах аж.
“Шэнжөү” цуврал сансрын хөлгийг ихэвчлэн сансрын нисгэгчтэй хөөргөдөг боловч энэ удаад хөлгийг автомат горимоор хөөргөжээ. Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас өмнө нь мэдээлснээр, "Шэнжөү-22" хөлгөөр сансрын станцад хүнс, эм, хүнсний ногоо, жимс, сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээний зүйлс, хувцас зэргийг хүргэж байгаа ажээ.
Өнгөрсөн сарын 31-нд "Шэнжөү-21" сансрын хөлгөөр гурван сансрын нисгэгчийг тойрог замын станц руу илгээсэн юм. Сүүлийн зургаан сарын турш тойрог замын станцад байрлаж буй "Шэнжөү-20" хөлгийн багийнхан ээлж солилцсоны дараа техникийн асуудлаас болж есөн хоногоор хоцорч буюу 11 дүгээр сарын 14-нд эх дэлхийдээ иржээ. "Шэнжөү-20" хөлөг сансрын хог хаягдалтай мөргөлдөсний улмаас эвдэрсэн байна. Ингэснээр одоо тойрог замд үүрэг гүйцэтгэж буй сансрын нисгэгчид зургаа орчим сарын дараа "Шэнжөү-22" хөлгөөр эх дэлхийдээ эргэж ирэх ажээ.
Ulaanbaatar