ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулдаг эсрэг биетийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-11-06 17:21:48

БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. Кёльнийн их сургуулийн эмнэлгийн судлаачид хүний дархлал хомсдолын вирусийг (ХДХВ) судлах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа зарлажээ.


Уг вирусээр халдварласан хэдий ч хүчтэй дархлаа тогтсон 32 өвчтөний цусны дээжийг шинжлэх явцад тэд 800 гаруй эсрэг биетийг ялгаж илрүүлсэн байна. 


Тэдгээрээс нэг эсрэг биет болох 04A06 нь онцгой үр дүнтэй байжээ. Лабораторийн нөхцөлд энэхүү эсрэг биет нь вирусийг эсэд нэвтрэхээс маш сайн хамгаалж байснаас гадна, одоогоор илрүүлээд байгаа ХДХВ-ийн омгуудын 98 хувийг саармагжуулж чадсан байна. Мэргэжилтнүүд мөн энэхүү эсрэг биетийн бүтцийг тайлж уншиж, синтезийг нь хуулбарлаж чаджээ.


Цюрихийн Их сургуулийн Вирус судлалын анагаахын хүрээлэнгийн захирал Александр Трколагийн хэлснээр, “04A06 нь өнөөг хүртэл илрүүлсэн хамгийн найдвар төрүүлсэн эсрэг биетүүдийн нэг мөн” гэжээ. Гэхдээ мэргэжилтнүүд нэмэлт судалгаа, эмнэл зүйн туршилт явуулах шаардлагатай байгаа тул энэхүү нээлтийг практикт нэвтрүүлэх нь одоогоор эрт байгааг онцоллоо.


Шинэ эсрэг биет нь бэлэн эсрэг биетийг тарих замаар ХДХВ-ийн халдвараас түр зуурын, хурдан хамгаалалт үүсгэдэг пассив дархлаажуулалтын үндэс болох боломжтой. Вакцинтай харьцуулахад энэ арга нь бие организм өөрийн эсрэг биетүүдийг ялгаруулахыг өдөөдөггүй байна.


Одоогоор ХДХВ-ийн үр дүнтэй вакциныг гарган аваагүй байгаа хэдий ч  сүүлийн жилүүдэд Ленакапавир зэрэг урьдчилан сэргийлэх шинэ эмүүдийг гарган аваад байгаа юм. Уг эмийг саяхан Европт ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн хяналтад хэрэглэхийг зөвшөөрчээ. 


Ташрамд сонирхуулахад, Казахстаны хойд нутгийн Акмолинск мужид ХДХВ-ийн халдвартай бүсгүй таван эрүүл хүүхэд төрүүлжээ.

相关新闻