Байнга төвийг сахих хуулийг санаачлагчид нь буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанаас энэхүү асуудлыг нарийвчлан судлах, шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг тусган дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн учир төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувь нь дээрх хууль, тогтоолын төслүүдийг хуулийн төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Үүний дараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаас тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй, шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай хэмээн үзжээ. Чуулганы хуралдаанаас мөн хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтов.
Б.Туул