А.Бат-Эрдэнэ: Өөрийгөө сорьж, хөгжүүлэх хүсэл намайг хөтөлдөг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2025-11-17 16:11:31

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын “Хишиг” сургуулийн 9-ийн “А” ангийн сурагч А.Бат-Эрдэнэ бичгийн урлагийн нарийн мэдрэмжийг бийрийн үзүүрт, хөгжмийн уянгалаг хөгийг хуучрын аянд шингээн өөрийгөө хөгжүүлж яваа авьяаслаг сурагч юм.


Тэрбээр монголын түүх, эх хэл, соёлын өв, яруу найраг, үндэсний хөгжим зэрэг танин мэдэхүй, гоо зүйн уралдаан тэмцээнд тогтмол оролцож, амжилт гаргасан, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал болж бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж буй шилдэг сурагчдын нэг юм.

А.Бат-Эрдэнэ 2024-2025 оны хичээлийн жилд БЗД-ийн Үндэсний бичгийн олимпиадын тэргүүн байр, Нийслэлийн үндэсний бичгийн олимпиадын гутгаар байр “Олон улсын эх хэлний өдөр” -өөр БЗД-ийн тэргүүний уншигч шалгаруулах уралдааны тусгай байрыг тус тус эзэлжээ.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан зохион байгуулсан “Миний мэдэх монгол хаад” зохион бичлэгийн уралдаанд “Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба” сэдвээр монгол бичгээр бичиж амжилттай оролцсон байна. Мөн уран бичлэгийн дугуйланд суралцаж “Чингисийн эр хоёр загалын тууж”, Монголын нууц товчоо цуврал бүтээл, МНТ-ны нэгдүгээр бүлгийг бийрээр хичээнгүй бичин бие даасан үзэсгэлэн ч гаргажээ.

Урлагийн наадамд “Морины уралдаан”, “Халуун элгэн нутаг”, “Тэнгэрийн морь” зэрэг аялгууг хуучир хөгжмөөр тоглон оролцож тэргүүн байр, БЗД-ийн  “Хүрэл тулга” яруу найргийн наадамд Б.Ренчиний “Монгол хэл”, Х.Батболдын “Монгол бичгээ өмөөрч бичсэн шүлэг” зэргээр оролцож тусгай байр эзэлж байжээ.

Энэхүү авьяаслаг сурагчийн үндэсний бичиг, өв соёлын талаарх үзэл бодол, мөрөөдөл хүслийнх нь тухай ярилцсанаа уншигч танд хүргэж байна. 


-Монгол бичиг, түүх, соёлын уралдаанд идэвхтэй оролцоход юу голлон нөлөөлдөг вэ? 

-Миний хувьд өөрийгөө үргэлж сорьж, хөгжүүлж байх хүсэл эрмэлзэл хамгийн том хөдөлгөгч хүч болдог. Тиймдээ ч уралдаан, тэмцээнд тогтмол оролцож, мэдлэг чадвараа сорьж байдаг.

 

-Эх бичгээ илүү сурч, судлахдаа юунд хамгийн их урамшдаг вэ?

-Өмнө нь бодож байгаагүй асуулт байна. Өв соёлоо өвлөн, өөрийн үндэс угсааг, би чинь Монгол хүн шүү дээ хэмээн мэдрэх тэр бахархал надад хамгийн их урам хайрладаг, урамшуулдаг байх. Мөн 2024-2025, 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийнхаа Б.Хишигжаргал захирлын нэрэмжит, сургалтын төлбөрийн тэтгэлгийг авч байсан. Үүнд багшийн сайшаал, найз нөхдийн дэмжлэг ч ихээр нөлөөлсөн.  




-Олон тэмцээн уралдаан дундаас “Үндэсний бичгийн олимпиад”-д хэрхэн бэлддэгийг нь онцлон асууя...

-Зөвхөн олимпиад болохоос өмнө гэхээсээ илүү, үндэсний бичгийн хичээлдээ багшаасаа нэмэлт даалгавар авч тогтмол бэлддэг. Харин олимпиадын тов гарвал сарын өмнөөс илүү хичээнгүйлж бэлддэг дээ. Амжилт гаргахын тухайд, би олимпиадад заавал хэн нэгнийг ялж уралдахын тулд оролцдоггүй. Харин “би яг ямар түвшинд байна вэ, өөрийгөө хэр сайжруулж чадсан бол?” гэж бодож ордог. Миний хувьд олимпиад бол уралдаан гэхээсээ илүү өөрийгөө шалгаж үзэх жижиг сорилт шиг санагддаг. Тэгж хүлээж авдаг болохоор надад дарамт бага, сэтгэл зүйн хувьд илүү тайван байдаг. Ер нь уралдаан тэмцээнд сэтгэл зүй их нөлөөлдөг юм шиг санагдсан.

 

-Бийр барих үед яг ямар мэдрэмж төрдөг вэ? 

-Бийрээр бичихийн тулд удаан суух болдог. Хурдан хурдан биччихэж болдоггүй. Хүнээс их тэвчээр шаарддаг шиг санагддаг. Ер нь уран бичлэг бол ур ухаан шингэдэг том урлаг юм шиг санагддаг. Бийрийн урлаг хүнийг их уужуу, тайван болгочихдог юм шиг. Заримдаа өөрийгөө ч ойлгохгүй үе байна шүү дээ. Тэр үедээ бичээд суухаараа өөрийн дотоод хүнтэйгээ их ярилцдаг. Нэг төрлийн бясалгал юм болов уу.  

 



-Үзэсгэлэн гаргах санаагаа хэрхэн олсон бэ. Хэр цаг хугацааг зарцуулсан бол? 

-Олон хоног сайтар бодож байгаад олсон. Сэдвээ “Монголын нууц товчоо”, “Чингисийн эр хоёр загалын тууж”-д тулгуурлаж бичсэн. Ерөнхийдөө бэлтгэл ажил, бүтээлээ туурвихаа тооцвол гурван долоо хоног болсон. Харин “Монголын нууц товчоо” -ны нэгдүгээр бүлгийг нэг долоо хоногт бичсэн.

 

-“Монголын нууц товчоо”-ны эхний бүлгийг бийрээр бичихэд бэрхшээл байв уу?  

-Бэрхшээл байгаагүй ээ. Өөрөө дурлаж бичсэн болохоор анзаараагүй ч байж магадгүй. Харин ч эсрэгээрээ надад илүү их туршлага, мэдлэг болсон гэж боддог.  

 


-Хуучир хөгжмөөр тоглодог тухайгаа ярихгүй юу. Чиний хувьд бичгийн урлаг, хөгжмийн урлаг хоорондоо юугаар холбогдож болох бол?

-Хуучир бол үндэсний, чавхдаст нумт хөгжмийн зэмсэг. Зөөлхөн хэмнэлтэй, уянгалаг дуутай хөгжим. Намайг хуучир хөгжимтэй минь холбож өгсөн хүн бол ҮУИТ-ын концертмейстер, хуучирч Э.Цэндсүрэн гэж хүн байдаг. Хөгжмийн зэмсэг тэр дундаа ардын хөгжмийн зэмсгээр тоглоно гэдэг тийм хялбар эд биш. Энэ талаараа бийрээр бичихтэй минь ижил. Хоёулаа урлагийн томоохон төрөл, тэр ч утгаараа адил төсөөтэй зүйл их бий. Хоёул хүнээс дахин давтагдашгүй мэдрэмжийг шаардана.  

 

-Монгол бичгийг сурахад хамгийн сонирхолтой, хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? 

-Монгол бичгийн дүрсийг ялгаж бичдэг нь тун сонирхолтой, учир нь кирилл бичгийн зарим дутагдлыг амархан шийдчихдэг. Жишээлбэл, кирилл үсэгт нэг үг олон утгыг агуулж болох бол, монгол бичиг дүрсээр ялгаж бичдэг. Хэцүү зүйл миний хувьд байгаагүй ээ. Монгол бичиг маш ойлгомжтой, гарын таван хуруунд багтахаар дүрэмтэй гэж багш минь хэлсэн.


-Чиний үеийнхэн дунд хэл, бичгээ сонирхдог хүүхдүүд хэр их байдаг вэ? 

-Мэдэгдэхүйц олширч байгаа. Жишээлбэл, цахим орчинд монгол бичгээр нийтлэл оруулж, хэрэглээгээ болгож байгаа хүүхдүүд их байдаг.  

 

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсэж байна вэ? 

-Хэл шинжлэл талаар мэргэшнэ гэж бодож байгаа.  

 

-Тэгвэл монгол бичиг, соёлын чиглэлээр зорилго тавьсан байх нь ээ дээ...

-Монгол бичгээ улам сайн сураад, бусдад түгээн дэлгэрүүлж, хэрэглээнд оруулах талаас нь илүү анхаарч ажиллана гэсэн бодолтой явдаг.

 

-Чиний хамгийн дуртай, санаанд чинь хүрсэн ямар бүтээл байдаг вэ. Дахин хэзээ үзэсгэлэн гаргах вэ?

-Энэ оны 5 дугаар сарын 9-нд аавынхаа төрсөн өдрөөр бичсэн “Аав” гэдэг бүтээлээ онцолмоор байна. Тэр бүтээлээ олон өнгийн бэх ашиглан бичсэн тул их өвөрмөц бүтээл болсон. Дахин үзэсгэлэн гаргана аа. Харин дараагийн үзэсгэлэндээ уран бичлэгийн урлагийг орчин үеийн өнгө аястай хослуулах бодол төрж байгаа.




-Сурч, хөгжихөд тусалсан монгол бичгийн багшийгаа танилцуулах нь зүйтэй болов уу?

-Манай багшийг Л.Байгалмаа гэдэг. Бидэнд үндэсний бичгийг дөрөв дэх жилдээ зааж байгаа. Багш маань заах арга барилын хувьд асар туршлагатай, ховорхон багш нарын нэг. Монгол бичгийг заахдаа бидэнд илүү хялбар аргаар, сайн тайлбарлаж өгдөг. Багш минь уурлаж байсан удаагүй, үргэлж л инээж явдаг гайхалтай хүн шүү дээ. Энэ ташрамд багшдаа үргэлж талархаж явдгаа хэлье. 

 

-Баярлалаа. Монгол бичгийн үнэ цэн, мэдлэгээс суралцаж, уран бичлэгийн сайхныг мэдэрч, өв соёлоо урамтайгаар түгээн дэлгэрүүлж буй шинэ үеийн төлөөлөлтэй ярилцахад таатай байлаа. 




相关新闻