Яап ван Хиердэн: Монгол Улс жендэрийн тэгш байдал, энхийг сахиулах оролцоогоороо олон улсад манлайлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-21 08:49:11

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. НҮБ-ын 80 жилийн ой энэ сарын 24-нд тохиохтой холбогдуулан НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй ярилцлаа.


-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган НҮБ-ын 80 жилийн ойн жил болж, төрийн тэргүүнүүд энх тайван, харилцан ойлголцлын талаар их хөндлөө. Дэлхийн ирэх 80 жил ямар байх талаар бодлоо хуваалцах уу?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблей жилд нэг удаа хуран чуулдаг. Энэ онд 80 дахь жилдээ зохион байгууллаа. НҮБ-аас баримталдаг энх тайвныг цогцлоох асуудал сорилттой тулгарч байгааг энэ удаад нэлээн чухалчилсан. НҮБ нь хэнийг ч орхихгүй, хөгжлийг түүчээлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихийг зорьдог. Энэ удаад “Хамтдаа бид илүү дээр” уриан дор энх тайвныг цогцлоох, хүний эрхийг хамгаалах, хөгжих чиглэлээр хамтдаа урагшлах зорилт тавьсан. НҮБ-аас шинэчлэл хийх тухай ярьсан. Геополитикийн нөхцөл байдал энэ шинэчлэлийг шаардаж байна. НҮБ-аас илүү хурдтай, шинэлэг, дасан зохицох чадвартай, нөхцөл байдалд хурдан хариу үйлдэл үзүүлэхийг шаардаж байгаа учир “UN 80” санаачилгыг эхлүүлсэн. Энэ хүрээнд ЕНБД хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа зоригтой үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан. НҮБ ирээдүйн хэрэгцээнд тулгуурлаж үр дүнтэй ажиллах шаардлагатайг ярилцсан. Энэ үеэр дээд түвшний хэлэлцүүлгүүд болж, уур амьсгалын өөрчлөлтийг онцолж хэлэлцлээ. Улс орны тэргүүнүүд уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний төлөвлөгөө, тодорхойлсон хувь нэмэр, зорилгоо ч танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн орны уур амьсгалын өөрчлөлтийн төлөвлөгөөгөө мөн танилцуулсан. Энэ үеэр энх тайван аюулгүй байдал, ялангуяа Газын зурвас, Украинд болж буй дайн, хиймэл оюуныг хүн төвтэй хөгжүүлэх, үүнтэй холбоотой эрсдэлийг зохицуулах, хөгжихийн тулд санхүүжилт гаргах шаардлагатайг ч ярьсан. Улс орнууд санхүүжилт хөрөнгө оруулалтаа шийдэхгүйгээр зорилтдоо хүрч чадахгүй зэрэг сэдвээр ярилцсан.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээр уриалж, 800 жилийн өмнө “Их Монголын амар амгалан”-г бий болгосон улсын хувьд даян дэлхийн амар амгаланг хамтдаа бүтээх уриалгыг дэвшүүлсэн. Энэ уриалгын дэлхийд хэлэх нөлөөлөл ямар байх вэ, энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганд идэвхтэй оролцож, НҮБ-ын үүрэг хэчнээн чухлыг тэмдэглэн, Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогоо тодотгосон. Мөн далайд гарцгүй орнуудын хөгжлийн тухай саналаа хэлж, Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн үзүүлэлтээр Монгол Улс харьцангуй сайн байгааг дурдсан нь таатай байлаа. Хэдийгээр “харьцангуй сайн” үзүүлэлттэй ч 2030 онд хүрэх зорилтоо хангахын тулд зарим үйл ажиллагаагаа эрчимжүүлж, илүү хичээх шаардлагатай. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс энх тайвныг сахиулах үйл хэргээ сайжруулах, мөн үүсээд буй нөхцөл байдалд илүү үр дүнтэй хариу үзүүлэх тухайд саналаа хэлсэн шүү дээ.


Тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улс бусад улс оронд уриалж санаачилга гаргасан нь талархалтай. Бүс нутгийн хамтын ажиллагаа, зүүн хойд Азийн орнуудад энх тайвныг бий болгоход Монгол Улсын үүрэг чухал юм. Монгол Улс энх тайвныг бий болгох, энхийг сахиулах үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж манлайлдаг. Энхийг сахиулагчдаа илгээхээс гадна сургалт зохион байгуулахад ч идэвхтэй оролцдог. Өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй цэргийг энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулсан бол одоогоор 900 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэж байна. Ерөнхийлөгч “Тэрбум мод” зэрэг санаачилга гаргаж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр манлайлан ажиллаж байна. Энэ хүрээнд улс орнуудтай хамтран ажиллах олон улсад үзүүлж буй жишгийг ярихгүй өнгөрөх боломжгүй юм. Өнгөрсөн онд Дэлхийн эмэгтэйчүүдийн, энэ жил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум зохион байгуулсан гэхчлэн Монгол Улс жендэрийн чиглэлээр манлайллыг тод харуулж байна. Түүхэндээ, одоо ч жендэрийн чиглэлээр томоохон үйл ажиллагаа хэрэгжүүлдэг, яалт ч үгүй манлайлагч, үлгэр жишээ орон юм. Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарч ажилладаг. Гадаад харилцааны сайд нь энэ талбарт гайхамшигтай манлайлагч бүсгүй гэж хэлмээр байна.


Түүнчлэн, Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд хүчин чармайлт, оролцоогоо нэмнэ гэдгийг сонсох сайхан байсан. Энэ үйл ажиллагаанд хурдан хариу үйлдэл үзүүлж, олон улсын түвшинд манлайлдаг. Цөмийн зэвсгээс татгалзах нөлөөллийг манлайлж байгаад НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд талархаж байна.


-НҮБ Монгол Улсын хөгжилд маш их хувь нэмэр оруулж ирсэн. Хүмүүнлэгийн тусламжаас эхлээд хөгжлийн тогтвортой дэмжлэг үзүүлж байна. Иймд НҮБ-аас манай улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, үр дүнгээс та юуг нь онцлох вэ?

-Монгол Улс түүх, соёлын хувьд гайхамшигтай, хүн төрөлхтний түүхэнд маш тод ул мөрөө үлдээсэн орон. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. НҮБ-аас эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлэх хэрэгцээ их байсан бол ардчилсан нийгэмд шилжсэн 1990 оноос хойш удирдлагуудтай нь ойр байж, амжилттай хамтарч ажилласнаар Монгол Улс ардчиллаа хөгжүүлж байна. Тухайлбал, Монгол Улсын ХЭҮК, АТГ, ОБЕГ гээд чухал үүрэг бүхий байгууллагыг бэхжүүлэхэд бид хамтран ажилласан. Саяхны шинэчлэлийг дурдахад, шийдвэр гаргах түвшинд тэгш оролцоог бий болгох үүднээс УИХ-ын сонгуулиар аль ч талын оролцоог 30 хувь байлгах квот гаргасан нь чухал алхам болсон. Ингэснээр УИХ-ын гишүүдийн 25.4 хувь нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй байгаа нь квотдоо бараг хүрсэн гэсэн үг. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй 2 гишүүн байгаа нь Монгол Улс бүс нутагтаа манлайлж буй бахархам амжилт юм.


Түүнчлэн, НҮБ-ын 24 агентлаг Монголд үйл ажиллагаа явуулдгаас 12 нь Улаанбаатарт Суурин төлөөлөгчийн газартай. Эдгээр нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж ажилладаг. НҮБ, Монгол Улсын Засгийн газрын 2023-2027 оны хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулж, олон талын оролцоог хангах зөвлөлдөх уулзалт хийсэн. Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлэхээ тодорхойлсон нь Монгол Улсын “Алсын хараа 2050” хөтөлбөртэй уялддаг. Хамтын ажилагаа нь хүний хөгжил, сайн сайхан, хөгжил цэцэглэл, эх дэлхий, энх тайвны төлөө байдаг. Хүн ганцаараа юунд ч хүрэхгүй тул хамтын ажиллагааг бэхжүүлж, хөгжлийг бий болгох зорилготой. Хөгжил цэцэглэлт нь өсөлт, хүртээмжтэй, тогтвортой, ногоон, эх дэлхийгээ хамгаалсан байх ёстой. Монголын хувьд онцгой өвөрмөц байгаль, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэх ёстой. Энх тайвныг хангах, хуулийн хэрэгжилтийг сахихад хамтарч ажиллах чиглэлээ тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулж байна.


-Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд манай улс бүс нутагтаа тэргүүлж байна. Манай улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд ямар салбарт илүү ахиц гаргаж байна вэ?

-Монгол Улс дунджаас дээш орлоготой орон болж байна. Гэхдээ их өвөрмөц. Хэдий дунджаас илүү орлоготой ч байх ёсгүй нөхцөл байдал олон бий. Тухайлбал, хүн амын 20 гаруй хувь нь ядуу. Үндэсний нийт орлогын ихэнх нь уул уурхайн салбараас бүрддэг. Энэ нь хүн бүрд хүртээмжтэй байж, ажлын байр бий болгоддоггүй. Иймд хүмүүсийн амьдрал эмзэг хөдөө орон нутагт амьжиргааг сайруулах нь чухал. Өнгөрсөн хоёр жилд болсон зудаас үүдэн шилжилт хөдөлгөөн эрчимжсэн нь ядуурлыг ихэсгэж байгааг нийслэлийн гэр хорооллоор явахад бэлхнээ харж болно. Хүмүүсийн амьдрах орчин нь дундаас дээш орлоготой орны амьжиргааны түвшинд хүрэхгүй, тэгш бус байдал их байгааг шийдэх шаардлагатай. Үгүй бол тогтворгүй байдал үүсгэж, хүн амын бүлэгт сөргөөр нөлөөлнө. Энэ бүхнийг шийдэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Монгол Улсын удирдлагууд үүнийг өөрсдөө манлайлах ёстой. Бид зөвхөн дэмжинэ. Хөдөө орон нутгийн тухайд эргээд ярихад, ядуурал нь мал маллах өнөөгийн арга барил эмзэг болсонтой холбоотой. Иймд мал аж ахуй эрхлэх аргаа олон янз болгох, малын түүхий эдээ илүү боловсруулах, үүнээс олох орлого, үнэ цэнээ нэмэх, ноос ноолуураа сайн боловсруулж олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах, махаар дараагийн шатны бүтээгдэхүүн хийх нь чухал байна. Жуулчдын тоог нэмэх нь эерэг, сөрөг талтай. Орлого нэмэх, хөдөө орон нутагт өгөөж нь ирэх давуу талтай ч жуулчдыг хяналт, зохицуулалтгүй, хаа хамаагүй газар дураар нь явуулбал байгаль орчин талхагдах сөрөг талтай. Монгол Улс өнгөрсөн оныг Хөдөөгийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж багагүй зүйл хийж байгааг харахад таатай байна.


Нийслэлийн агаарын бохирдлыг багасгах, эрүүл мэнд, боловсролыг сайжруулахад бид Засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Ялангуяа цахим хэрэгслийн тусламжтай боловсролын хүртээмжийг нэмэх, ажлын байранд шаардагдах залуусын ур чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийг ЖДҮ эрхлэхийг дэмжих, ногоон, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллаж байна.


Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг сайн биелүүлж байгаа ч бүх зорилтот түвшинд хүрэхийн тулд хичээх хэрэгтэй. Хамгийн сайн ахиц дэвшил нь эхийн эндэглийг багасгах зорилтдоо хүрсэн цөөн орны нэг. Мөн боловсролын хүртээмжид, ялангуяа алслагдсан сумдын хүүхдэд чанартай боловсрол олгоход хамтран ажилладгаа хэлэхэд сайхан байна. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой томоохон зорилт, үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Тэрбум мод, байгалийн нөөцийг хамгаалах санаачилга маш чухал. Ирэх оныг Бэлчээрийн жил болгон зарлахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэсэн нь олон улсад манлайлж байгаагийн бас нэг илрэл. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход их зүйл хийж байгаа. Цөлжилт нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бус газрын ашиглалт, зохион байгуулалт, мал аж ахуйн зохистой байдал, бэлчээрийн доройтлоос сэргийлэх үйл ажиллагааг хамруулдаг. Монгол Улс энэ хүрээнд дэлхийд чухал үүрэгтэй манлайлж байгаа.


-СОР17 хурлыг НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар зарласан “Их талын болон нүүдэлчдийн олон улсын жил”-ийн хүрээнд ирэх онд зохион байгуулна. Энэ хурлыг Монголд зохион байгуулахын ач холбогдол нь юу байх вэ?

-Монгол Улс СОР17 хурлыг зохион байгуулахад олон талаараа зохицож тохирсон орон. Хэдэн мянган жилийн түүхтэй, нүүдлийн мал аж ахуй эрхлэх мэдлэг ур чадварын арвин туршлагатай. Үүнийгээ танилцуулах нь зүй ёсны хэрэг. Хуралд оролцохоор 190 гаруй орноос 8 мянга гаруй төлөөлөгч ирж, улс орнууд хамтдаа газрыг нөхөн сэргээх, доройтол цөлжилтөөс хэрхэн урьдчилан сэргийлэхийг хэлэлцэнэ. Монгол Улс нүүдлийн мал аж ахуйн манлайлагч орны хувьд туршлагаа хуваалцах, үүгээрээ олон улсын хараанд өртөх давуу тал бий болох юм. Аялал жуулчлалын салбараа тэлэхийг зорьж буй орны хувьд эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгалийг тольдуулах боломжтой. Хурлыг сайн зохион байгуулж чадвал Монгол Улс олон улсын тавцанд гялалзаж харагдана. Олон орны төлөөлөгч монголыг гайхан бишрээд гэртээ таатай сэтгэгдэлтэй буцаж, эргээд богино хугацаанд бизнес, оролцогч талуудын орлогыг нэмэх өгөөжтэй. Аялал жуулчлалд эерэг нөлөөлнө. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй холботой хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа олон улсын тавцанд манлайллаа харуулах боломж бүрдэх юм.

相关新闻