Найман дүүрэгт бичил 12 цэцэрлэгт хүрээлэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-20 15:52:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт бичил 12 цэцэрлэгт хүрээлэн байгуулна.


НЗДТГ-ын мэдээлснээр, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмж, тэдгээр байршилд ногоон байгууламж байгуулах юм.


Тухайлбал, Баянгол дүүргийн 22, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Баянзүрх дүүрэгт “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” байгуулахаар 0.5 га талбайд мод үржүүлэг хийсэн. Цаашид бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа.


Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 га талбайн газрыг чөлөөлж цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ихэнх газрыг нь чөлөөлж байна. Сонгинохайрхан дүүргийн 8, 39, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар 39 нэгж талбарыг чөлөөлжээ.


Хан-Уул дүүрэгт Туул голын эрэг дагуу 2025-2026 онд дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг хоёр үе шаттай байгуулах юм. Чингэлтэй дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт нэг, Багануур дүүрэгт гурван байршилд ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.


Өнгөрсөн онд Багахангай дүүргийн 2, Багануур дүүргийн 5, Баянзүрх дүүргийн 20, 34, 35, Чингэлтэй дүүргийн 6, 15, 16, Сонгинохайрхан дүүргийн 11, 18, 22, 35, Сүхбаатар дүүргийн 17, Налайх дүүргийн 5 дугаар хороонд тус бүр бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан аж.

相关新闻