Москва, Бээжин, Сөүл, Токио дахь ЭСЯ-ны орон тоог цомхотгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-17 14:23:22

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар гадны 10 улсад суух Элчин сайд нарыг томилов. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Мөнх-Оргил, "Япон, Солонгос, Хятад, Орос дахь ЭСЯ-дын орон тоог цомхотгоно" гэдгээ хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "ОХУ, БНХАУ, Солонгос, Японы Элчин сайдуудтай холбоотой асуудал яригдах уу. Солонгос, Японы Элчин сайдын хугацаа дуусч байгаа. Сая яагаад орж ирээгүй юм бэ" гэсэн асуудлыг тодруулсаны зэрэгцээ ЭСЯ-ны ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг хэрхэн сайжруулах гэж байгааг лавласан юм.

Гадаад харилцааны сайд Мөнх-Оргил эл асуултад, "Москвад сууж байгаа Элчин сайдын асуудлыг ойрын хугацаанд оруулж ирэх бодолгүй байна. Б.Дэлгэрмаа сайд саяхан томилогдсон. ГХЯ болон болон миний зүгээс хариуцлагатай ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа. Сүүлийн үед шийдэгдэхгүй байсан нэлээн хэдэн асуудлыг урагшлуулсан. Элчин сайд ажлаа  үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Япон, Солонгос дахь Элчин сайдуудын асуудал хаврын чуулганаар орж ирэх байх. Тэр үед хугацаа нь дуусах юм. Байр савны асуудал хүнд. Гэхдээ бидний тооцож байгаагаар бол, шинэ байшин түрээслэх эсвэл худалдан авахаасаа илүү орон тоогоо цомхотгоё гэсэн чигтэй байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд одоо ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, орон тоог судлах, шаардлагатай тохиолдолд татан буулгах чиглэл өгсөн. Гадаад харилцааны яамнаас Москва, Бээжин, Сөүл, Токио гэсэн 4 ЭСЯ-ыг онцгой анхаараад, орон тоог цомхотгоё гэсэн бодолтой байгаа. Маш олон хүн тэнд ажиллаж байна. Нэгдүгээрт цомхотгол явуулвал байр савны асуудал шийдэгдэнэ, хоёрдугаарт ажил сайжруулах алхам болно" гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

相关新闻